Стивен Жеррард: Миний карьер дуусах болоогүй
- 2014-06-17
- Спорт
- 0
Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч
Стивен Жеррард Бразильд ирснийхээ дараахан
Мэргэжлийн хөлбөмбөгийн холбоонд ярилцлага
өгснийг хөрвүүлэн хүргэе.
-Та гурав дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцож байна. Ногоон талбайд удаан тоглолоо. Формоо хэрхэн барьж байна?
-Маш энгийн. Надад олон жил тоглох боломж байгааг би залуудаа ойлгосон. Улсынхаа шигшээ багт тоглоно гэдэг миний мөрөөдөл байсан. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэсэх хэрэгтэй биз дээ. Тийм учраас өдөр бүр бэлтгэл хийх хэрэг гардаг. Өнөөдөр Английн шигшээ баг залуу хөлбөмбөгчдөөр цус сэлбэж байна. Хэзээ нэгэн цагт тэдгээр залууст байр сууриа тавих нь гарцаагүй. Гэхдээ би ойрын хугацаанд зодог тайлах бодолгүй байна. Ногоон талбайдаа байр сууриа хадгалахын тулд хичээх болно. Миний карьер дуусах болоогүй. Надад дахиад Дэлхийн аваргад оролцох чадал бий.
-Санаанаас гардаггүй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бий юү?
-Итали улсад 1990 онд болсон тэмцээн. Энэ тэмцээн намайг хөлбөмбөгт бүрэн автуулсан гэж хэлж болно. Ялангуяа талбайд нүдэндээ нулимстай зогсох Гаскойныг хараад бахархсан. Тэр үеэс л би хөлбөмбөгчин болж, Дэлхийн аваргын тэмцээнд оролцохыг мөрөөдөх болсон. Гаскойн бол миний баатар.
-Энэ жилийн тэмцээний тухайд юу гэж хэлмээр байна?
-Бразилийн Дэлхийн аваргыг удаан хүлээлээ. Энэ сайхан оронд ирсэндээ баяртай байна. Нэг зүйлийг хэлэхэд бид Бразильд далайн эргээр зугаалж, зочид буудалд амрах гэж ирээгүй. Бид хөлбөмбөгийн талбайд ялалт байгуулах гэж ирсэн.
-Английн хэвлэл мэдээллийн байгууллага их даруухан болжээ. Урьд жилүүдийн тэмцээнд шигшээ багийнхаа талаар бичиж шуугиулдаг байсан шүү дээ?
-Тийм ээ. Манай сэтгүүлчид өөрчлөгдсөн. Өмнө нь биднийг “Алтан үеийнхэн” хэмээн нэрлэж, хэвлэлийн баатар болгож байсныг нуухгүй. Үнэндээ ийнхүү бичих нь бидэнд хэцүү байв. Харин одоо хэвлэл мэдээллийнхэн даруухан, асуудалд бодитоор ханддаг болсон. Английн шигшээ баг зөв гольдрилд орсныг фанатууддаа болон сэтгүүлчдэд хэлье. Гэхдээ ямар ч тэмцээн хялбар байдаггүй.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бэлтгэлийн хотхонд хэрхэн цагийг өнгөрөөдөг вэ?
-Дэлхийн аваргын өдрүүд ямар удаан өнгөрдгийг тамирчид л мэднэ. Өглөөний бэлтгэлээс хойш цаг өнгөрөөх нь хүндхэн даалгавар гэж хэлж болно. Энэ жил цагийг зугаатай өнгөрүүлэх төлөвлөгөө зохиосон Английн хөлбөмбөгийн холбоонд талархснаа илэрхийлье. Намайг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх оролцоход интернэт хөгжөөгүй, айфон, планшет гараагүй байсан. Үнэхээр уйтгартай байлаа. Одоо бол ухаалаг утсаараа кино үзэж, гэрийнхэнтэйгээ ярих зэргээр цагийг сонирхолтой өнгөрүүлэх боломж бүрдсэн.
-Тэмцээн, бэлтгэлийн үеэр гэр бүлээсээ хол олон сар амьдрах хэцүү юү?
-Миний хувьд хэцүү байдаг. Би гурван хүүхдээ их санадаг учраас холдохоор сэтгэлээр унана. Хүүхдүүдтэйгээ өдөр бүр скайпаар ярьж, сэтгэлээ баясгадаг. Би хүүхдэд маш их хайртай. Одоо ч гэсэн дасгалын үеэр яг л хүүхэд шиг хөөрүү болдог.
-Энэ жил танай багт хүндхэн сугалаа таарлаа. Уругвай, Итали, Коста-Рика зэрэг хүчтэй багтай тоглох төлөвлөгөөгөө гаргасан уу?
-Энэ дөрвөн багийн аль нь ч финалд үлдэх магадлалтай. Бүгд л туршлагатай, шилдэг баг. Бид хэсгээсээ эхний хоёроор гарах магадлалтай.
-Английн шигшээ багт залуу хөлбөмбөгчид олон байна. Тэдний талаар юү хэлэх вэ?
-Би дасгалжуулагч Хадсоны талаар яримаар байна. Тэр бол шилдэг дасгалжуулагч. Түүнээс гадна тамирчдаа хүндэлж, хайрладаг дасгалжуулагч Хадсоноос өөрийг би мэдэхгүй. Багийн дотоод уур амьсгалыг тэр хүн л бүрдүүлсэн гавьяатай. Хамгийн гол нь дасгалжуулагч байдаг. Рожерс богинохон хугацаанд гайхалтай баг бүрдүүлсэн. Биднийг хөлбөмбөгт илүү дурлуулсан гэж хэлж болно. Хөлбөмбөг тоглоход ямар нэгэн айдастай байдаг. Дасгалжуулагч маань тэр айдсыг бидний дотроос гаргаж чадсан.

Сэтгэгдэл (0)