Герд Мюллерийн залгамж халаа Томаш Мюллер
- 2014-06-18
- Спорт
- 0
Герман-Португаль 4:0
Томаш Мюллер-1 /12 дахь минут торгуулийн цохилтоор/ Матс Хюммелс-1 /32 дахь минут/
Томаш Мюллер-1 /45+1 минут/
Томаш Мюллер-1 /78 дахь минут/
“G” хэсгийн эхний шатны тоглолтын хамгийн үзүүштэй нь Герман, Португалийн тоглолт байлаа. Тиймдээ ч энэ хоёр багийн тоглолт өнгөрөгч шөнийн хамгийн эхний тоглолт байж, энэ хэрээр олон ч хүн үзэв. Герман, Португаль хоёулаа өндөр чансаатай багийн дээр бие биеэ хожих чадвартай баг. Гэхдээ сүүлийн жилүүдэд болсон олон улсын чанартай томоохон тоглолтуудад Португалийн баг Германы “машинуудад” олон гоолын зөрүүтэй хожигддог муу талтай. Үүнтэй адилаар өнгөрөгч оны 00:00 цагт эхэлсэн тоглолтод Германы “машинууд” “Европын Бразильчууд” гэгддэг Португалийн шигшээ багийг 4:0-ээр бут ниргэж, үнэндээ “машиндаж” орхив. Бундес лигийн үнэмлэхүй аварга “Байерн Мюнхен” клубын тоглогчид дээр суурилсан Германы шигшээ баг дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиан Рональдугийн багийг ингэж олон гоолын зөрүүтэй хожно гэж хэн ч таамаглаагүй байсан. Нөгөөтэйгүүр Португалийн хамгаалагч Пепе тоглолтын нэгдүгээр үеийн дунд хэсэгт Германы довтлогч Томаш Мюллер дээр алдаа гаргаж, улмаар бүдүүлэг авирласныхаа төлөө улаан хуудас авч талбайг орхисон нь Португалийн багийг олон гоолоор хожигдох шалтгаан болсон. Португалийн багийн хамгаалалтын гол ноён нуруу Пепе ийнхүү багаа хөөдөж 10-уулаа үлдсэн португальчууд Германы машины хурдтай довтолгооныг тэсч чадсангүй дайрууллаа. Энэ тоглолтод Германы багаас Томаш Мюллер гурван гоол /хет-трик/ оруулж, өрсөлдөгч багийнхаа тоглогчид улаан хуудас өгүүлж шилдэг тоглогчоор шалгарсан бол Матс Хюммелс үлдсэн нэг гоолыг нь мөргөж оруулан багаараа гайхалтай сайн тоглолоо. Энэ тоглолт хэдий од хөлбөмбөгчинтэй ч гэсэн хөлбөмбөг гэдэг багийн спорт гэдгийг харууллаа. Ямартай ч, дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтдоо хэсгийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгчийг илт давуу буулгаж авснаар амжилттай эхлүүлсэн бол Португалийн баг дараа, дараагийн тоглолтуудаа заавал хожил байгуулах даалгавартай үлдлээ. Ингэж байж л Португалийн баг хэсгээсээ хоёроор гарах билээ. Юутай ч, дээрх тоглолтын баатар, өнгөрөгч дэлхийн аваргаар нээлт болж, басхүү олон гоол оруулсан Томаш Мюллерт энэ удаа юм уу ирэх дэлхийн аваргаар Мирослав Клозе, цаашлаад Герт Мюллерийн амжилтыг эвдэхэд боломжтой боллоо.

Сэтгэгдэл (0)