Бразильчууд ялалт байгуулж чадалгүй оноо хураав
- 2014-06-19
- Спорт
- 0
Бразиль-Мексик 0:0Өнгөрсөн шөнийн онцлох тоглолт нь талбайн эзэн Бразиль болон Мексикийн багуудын тоглолт байлаа. Хөлбөмбөгийн фанатуудын таамаглаж байснаас зөрж Бразиль, Мексикийн багийг хожиж чадсангүй. Хэдийгээр Мексикийн баг тоглолтын санаачилгыг гартаа авч, эхний аюултай довтолгооныг хийсэн ч үүний дараагаас Бразилийн баг удаа дараа аюултай довтолгоо гүйцэтгэсэн. Гэсэн ч тэр бүгдийг Мексикийн хаалгач Гуйллермо Очоа амжилттай хааж байв. Эхлээд Неймарын мөргөлт, дараа нь Фредийн цохилт, Оскарын оролдлого гээд Мексикийн хаалгыг чиглэсэн цохилт бүрийг Г.Очоа хааж, хаалгаа хуурай манаснаар багаа ялагдлаас аврав. Ийнхүү Бразилийн шигшээ дэлхийн аваргын хоёр дахь тоглолтдоо хожил авч чадсангүй оноо алдлаа. Бразилийн хүчирхэг баг тоглолтын турш нийтдээ Мексикийн хаалгыг чиглэсэн 15 цохилт хийснээс зургаа нь байндаа туссан. Гэвч Г.Очоа бүгдийг нь хааж тоглолтын шилдэг хүнээр тодорлоо. Хэдийгээр уг тоглолт гоолгүй өндөрлөж багууд 1, 1 оноо авсан ч гоол хийх олон боломжтой, хурдтай, үзүүштэй тоглолт болж өндөрлөлөө. Дашрамд дурдахад, энэ тоглолтод Бразилийн багийн шилдэг довтлогч Халк гуяны бэртлийн улмаас гараанд гараагүй бол довтолгооны шугамыг бүрдүүлсэн Фред, Рамирес, Оскар нар муу тоглосноор сэлгээнд суусан. Харин эсрэг багаас сайн тоглосон Жованни дос Сантос тэргүүтэй хөлбөмбөгчдийг дасгалжуулагч нь тоглолтын хоёрдугаар хагасын дунд үеэс амрааж, ядраагүй хөлбөмбөгчдөөр сэлгэсэн юм. Эцэст нь дурдахад, Бразилийн шигшээ хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хийсэн сүүлийн 25 тоглолтынхоо ердөө нэгд нь л гоол оруулж чадаагүй байсан. Харин дээрх тоглолтод хуурай тэнцсэн учир сүүлийн 26 тоглолтын хоёрт нь гоол оруулж чадаагүй гэсэн статистикийн эзэд болов.

Сэтгэгдэл (0)