Супер сэлгээ Бельгийг аврав

 
Бельги-Алжир 2:1
Алжир-Софьян Фегули-1 /25 дахь минут торгуулийн цохилтоор/
 Бельги-Маруан Феллайанни-1 /70 дахь минут/
 Бельги-Дриес Мертенс-1 /80 дахь минут/

Өнгөрөгч шөнийн эхний тоглолтоор учраа таарсан Бельги, Алжирын тоглолт тун ширүүн болж өндөрлөлөө. Тоглолтын эхний хагасын 24 дэх минутад Бельгийн хамгаалагч Ян Вертонген эсрэг багийнхаа Софьян Фегулийг 16-ийн шугаман дотор унагаж алдаа гаргасныхаа улмаас шар хуудас хүртэж, С.Фегули ч өөрт олдсон боломжоо амжилттай ашиглаж торгуулийн цохилтоос гоол хийж тоглолтын салхийг хагалав. Үүний дараагаас дэлхийн аваргад өндөр амжилт үзүүлнэ гэж найдаж байсан Бельгийн багийн довтолгоо ширүүсч тоог тэнцүүлэх, улмаар хожихын төлөө улайрав. Гэсэн ч Алжирын хамгаалалт сайн байсаар хоёрдугаар үетэй золгов. Хоёрдугаар үе эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч байдал яг хэвээр байсан тул Бельгийн багийн дасгалжуулагч Марк Вильмонтс сэлгээ оруулахаар шийдэж, сонгосон сэлгээнүүд нь нүдээ олсныг гэрчлэв. Тодруулбал, түүний сэлгээгээр оруулсан Маруан Феллайанни, Дриес Мертенс нар тус бүр нэг гоол оруулснаар Бельги Алжирыг арайхийн хожив. Сэлгээгээр орж ирээд удаагүй Английн алдарт “Манчестер Юнайтед” клубт хүчин зүтгэдэг Маруан Феллайанни биеийн хүчний тоглолтоороо эсрэг багийнхныгаа сандаргаж улмаар тоглолтын 70 дахь минутад гоолдов. Харин түүний араас сэлгээгээр орж ирсэн Италийн “Наполи” багт харьяалагддаг Дриес Мертенс 80 дахь минутад хүчтэй цохилтоор тооны харьцааг 2:1 болгон холдуулсан. Үүний дараа аль аль багууд дахин гоол хийж чадалгүй тоглолт өндөрлөсөн. Ийнхүү Бельгийн шигшээ баг дэлхийн аваргын эхний тоглолтдоо Алжирын багийг хүндхэн тоглолтын эцэст буулган авч гараагаа амжилттай эхэллээ. Уг тоглолтын баатар Бельгийн Маруан Феллайанни. Тэрбээр тоглолтыг 1:0-ийн харьцаагаар өндөрлүүлэхээр шийдсэн Алжирын багийн хаалганд гоол хийж тооны харьцааг тэнцүүлэн багийнхандаа урам зориг өгсөн. Сонирхуулахад, Бельгийн баг хамгийн сүүлд буюу 2002 онд дэлхийн аваргад оролцоход өдгөөгийн дасгалжуулагч Марк Вильмонтс шигшээ багийнхаа сүүлийн гоолыг оруулж байжээ. Харин түүний дасгалжуулж Бразильд авчирсан баг 2002 оны дэлхийн аваргаас өндөр амжилт үзүүлнэ гэдэгт ажиглагчид найдаж байна. Харин 1986 оноос хойш хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван тоглолт дараалан гоол оруулж чадаагүй Алжир дээрх тоглолтын эхний 35 минутад гоол хийхгүй бол дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн удаан буюу 506 минутын турш гоол оруулж чадаагүй багаар нэрлэгдэх байлаа. Харин 25 дахь минутад торгуулийн цохилтоос гоол оруулснаар энэхүү анти амжилтын эзэн болохоос аврагдлаа.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)