Голланд Австралийг хүнд тоглолтын эцэст буулган авлаа



ГОЛЛАНД-АВСТРАЛИ 3:2
Голланд-Арьен Роббен-1 /20 дахь минут/
Австрали-Тим Кэхилл-1 /21 дэх минут/
Австрали-Миле Единак-1 /54 дэх минут торгуулийн цохилтоор/
Голланд-Робин ван Перси-1 /58 дахь минут/
 Голланд-Мемфис Депай-1 /68 дахь минут/
Бразильд болж буй 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтод таарсан Голландын шигшээ баг Австралийн багийг хүндхэн тоглолтын эцэст 3:2- ын харьцаагаар буулган авлаа. Дэлхийн аваргын хэсгийн шатны хоёрдугаар тоглолтын дараагаас тэмцээнээ үргэлжлүүлэх болон нутаг буцах багуудын нэрс тодорч эхэлдэг бөгөөд хоёр хожил байгуулсан Голландын баг хэсгээс гарах нь тодорхой боллоо. Харин Австралийн баг Голландад хожигдсоноор нутаг буцах болж. Австралийн баг үүнээс өмнө Чилид 3:1-ийн харьцаагаар хожигдсон юм. Тэгвэл хэсэгтээ өнгөрөгч дэлхийн аварга Испани болон Австралийг буулган аваад буй Голландын хүчирхэг шигшээ Чилитэй хэрхэн тоглохоос хамаарч хэсгээс нэгээр юм уу хоёроор гарна. Бразилийн Порто Алегре хотын “Бейра-Рио” цэнгэлдэхэд болсон Голланд Австралийн тоглолт эхнээсээ ширүүн өрнөж тоглолт дуустал энэ хэмнэлээ алдсангүй. Хэсгийн сулхан өрсөлдөгч гэгдэж байсан Чилийн багт хожигдсон Австралийн баг хожигдох эрхгүйгээр Голландын багтай тоглосон. Гэсэн ч энэ дэлхийн аваргад түрүүлэх багуудын нэрсийг тэргүүлэх болсон Голландын хүчирхэг багийг дийлсэнгүй. Хэдийгээр Австралийн баг Голландтай эн тэнцүү өрсөлдөж тоглолтын санаачлагыг гартаа авахыг эрмэлзэж байсан ч Голландын шигшээ багийн супер од Арьен Роббен өөрийн гайхалтай техник, хурдыг ашигласан тоглолтын 20 дахь минутад эхний бөмбөгийг хийсэн. Голландын баг гоолын баяраа тэмдэглэж амжаагүй байхад Австралийн шигшээ багийн шилдэг тоглогч, тус улсын бүх цаг үеийн мэргэн бууч Тим Кэхилл хөндлөн дамжуулсан бөмбөгийг газар буулгалгүй солгой хөлөөрөө цохиж, тооны харьцааг тэнцүүлсэн. Энэ цаг мөч тоглолтын 21 дэх минут байлаа. Үүнээс хойш дахин гоол оролгүй тоглолтын эхний хагас өндөрлөж, хоёр дахь хагас эхлээд есөн минут өнгөрч байхад буюу 54 дэх минутад Австралийн багийн Миле Единак эсрэг багийн тоглогч бөмбөгөнд гар хүрсний ачаар олдсон торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж багтаа тэргүүлэх боломж авчирсан. Австралийн баг баярлаж амжаагүй байтал 58 дахь минутад “улбар шарууд”-ын өөр нэг супер од Робин ван Перси сэлгээгээр орж ирсэн Мемфис Депайн дамжуулалтыг хүчтэй цохилтоор “чулуу болгож” тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлэв. Тэгвэл үүнээс 10 минутын дараа Мемфис Депай өөрөө 16-ийн гаднаас цохиж нэгэн гайхалтай гоолыг оруулснаар Голландын баг Австралийн багийг буулган авч нутаг буцаалаа. Мэдээж энэхүү тоглолтын баатар нь Мемфис Депай.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)