Дэлхийн аваргууд хэсгийн шатнаас мултарлаа

ИСПАНИ-ЧИЛИ 0:2

Чили-Эдуардо Варгас-1 /20 дахь минут/ Чили-Чарлес Арангис-1 /43 дахь минут/

Дөрвөн жил тутам зохиогддог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өнгөрсөн удаагийн аварга, 2008, 2012 оны Европын аварга Испанийн шигшээ баг Чилийн багт гутамшигтайгаар хожигдож нутаг буцахаар боллоо. Аваргууд өмнөх тоглолтдоо 2010 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Голландын шигшээд 5:1-ийн харьцаагаар хожигдож, дуулиан тарьсан. Хөлбөмбөгийн сүүлийн гурван том тэмцээнд түрүүлсэн Испанийн шигшээ баг дэлхийн чансааны тэргүүн байрт бичигдэж, дасгалжуулагч Висенте дель Боске ажлаа өгөх нь тодорхой боллоо. Тэрбээр Испанийн шигшээг удирдан 2010 оны дэлхийн аварга, 2008, 2012 оны Европын аваргад түрүүлснийхээ дараа дэлхийн шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдэж байсан юм. Испанийн шигшээд одоо Австралийн багийг хожиж бага ч болов нэр төртэйгөөр нутаг буцах л үлдэж байна. Үүнээс өмнө 1998 оны дэлхийн аварга Францын шигшээ 2002 онд хэсгээс гарч чадаагүй бол 2006 оны дэлхийн аварга Италийн шигшээ 2010 онд мөн л хэсгээсээ гарч чадалгүй нутаг буцаж байсан түүхтэй. Тэгвэл Испанийн шигшээ аварга болсныхоо дараа хэсгийн шатнаас гарч чадаагүй багуудын тоог нэгээр нэмлээ. Уг нь “ялагдашгүй армада” гэгддэг Испанийн шигшээ өмнөх гурван том тэмцээнд түрүүлсэн бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн дэлхийн аваргад оролцсон ба багийн дундаж нас залууд тооцогддог. Нөгөө талаас “В” хэсгийн сулхан багаар нэрлэгдэж, нутаг буцах багуудын тоонд орж байсан Чилийн баг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд Испанийн хүчирхэг багийг анх удаа хожиж, “битүү морь”-оор нэрлэгдээд байна. Одоо хоёр хожил байгуулж, зургаан оноо аван хэсгээс шалгарах нь нэгэнт тодорхой болсон Чилийн баг Голландын багийг хожиж нэгээр гарах эсэхийг харах л үлдэж байна. Тоглолтын гоолуудыг 20, 43 дахь минутад Чилийн багаас Эдуардо Варгас, Чарлес Арангис нар оруулсан юм. Нөгөөтэйгүүр Рио-де-Жанейро хотын “Маракана” цэнгэлдэхэд болсон уг тоглолтод Испанийн баг үнэхээр азгүй байж олон боломжуудаа алдсаны дээр отон тоглолтод орж оруулсан гоолоо хүчингүйд тооцуулсан юм. Харин Чилийн багийн 11 дүгээртэй Эдуардо Варгас өөрийн ур чадварыг ашиглан гоол оруулсан. Тэгвэл Чарлес Арангис Испанийн хаалгач Икер Касиллисаас ойж ирсэн бөмбөг буюу багийнхаа андын хаалттай цохилтыг нэмж гоол оруулсан юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)