Хорват Камеруныг бут ниргэлээ
- 2014-06-20
- Спорт
- 0

Хорват-Ивица Олич-1 /11 дэх минут/
Хорват-Иван Перишич-1 /48 дахь минут/
Хорват-Марио Манжукич-1 /61 дэх минут/
Хорват-Марио Манжукич-1 /73 дахь минут/
Хэсгийн эхний тоглолтдоо талбайн эзэн бразильчуудад 3:1-ийн харьцаатай хожигдсон Хорватын шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтдоо Камеруны багийг 4:0-оор бут ниргэснээс тэмцээнээ үргэлжлүүлэх боломжтой боллоо. Гэхдээ Бразильтай хийсэн тоглолтод Хорватын багийн шилдэг довтлогч Марио Манжукич торгуулийн улмаас оролцоогүй. Дэлхийн аваргын эхний “А” хэсэгт одоогийн байдлаар Бразиль дөрөв, Мексик дөрөв, Хорват гурван оноотой бичигдэж байна. Харин хоёр удаа хожигдсон Камеруны баг нутаг буцах нь тодорхой боллоо. Уг тоглолтод Камеруны багийн ганц од Самюэль Это бэртлийн улмаас оролцоогүй бол Александр Сонг 40 дэх минутад улаан хуудас авч талбайг чөлөөлсөн. Бразилийн Манаус хотын “Арена Амазониа” цэнгэлдэхэд болсон уг тоглолт өнгөрөгч шөнийн хамгийн сүүлчийн тоглолт байсан бөгөөд Хорват Камерун улсын хөлбөмбөгийн шигшээ багийнхны анхны учраа байсан юм. Нөгөөтэйгүүр Камеруны баг энэ тоглолтод үнэхээр хайнга байсан. Үүний нэг илрэл нь Александр Сонгийн үйлдэл байв. Харин Камеруныг нутаг буцаасан Хорватын шигшээ хэсгийн гурав дахь тоглолтод таарч тоглох Мексикийн багийг хожих эсэхээс тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эсэх нь хамаарна. Хэрвээ Бразилийн баг Камеруныг хожиж долоон оноотой болно гэж үзвэл Мексик, Хорватын аль хожсон нь хэсгээсээ хоёроор гарна. Тэгэхээр Хорватад хожигдох эрх байхгүй, Мексикт тэнцээ л хангалттай байна. Тоглолтын эхний гоолыг Хорватын хашир туршлагатай, ахмад довтлогч Ивица Олич 11 дэх минутад оруулсан бол 48 дахь минутад хагас хамгаалагч Иван Перишич гоолдож, 61, 73 дахь минутад сүүлийн үед мандаж буй Марио Манжукич оруулж, дубль хийв. Тэгвэл дараагийн тоглолтууд болох “C” хоёр тоглолт, “D” хэсгийн нэг тоглолт манай цагаар зургадугаар сарын 20-ны шөнө болно. Тодруулбал, 00:00 цагаас “C” хэсгийн Зааны яасан эрэг Колумбтай, 03:00 цагаас “D” хэсгийн Англи Уругвайтай, 06:00 цагаас “C” хэсгийн Япон Гректэй тус тус тоглоно. Бид Та бүхэнтэйгээ энэ тоглолтуудын мэдээлэлтэй эргэн уулзана.

Сэтгэгдэл (0)