Б.Чинзориг: Бокс бол тактикийн дайн

Казахстан улсын Алмата хотноо болсон армийн дэлхийн аварга шалгаруулах 55 дахь удаагийн тэмцээнд олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг оролцож, Монголын ширэн бээлийтнүүдийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн билээ. Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа алтан медаль хүртсэн түүнтэй амьдрал, тэмцээнийх нь талаар ярилцсан юм. Зөвхөн армийн албан хаагчдын дунд бөх, буудлага, бокс зэрэг олимпийн хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдээр дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулдаг. Мөн тухайн улсын армид алба хаадаг болоод бүртгэлтэй тамирчид оролцдог билээ.

-Олимпийн хөтөлбөрт багтсан спортын төрлүүдээр зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өрсөлдөгчид хүчтэй байв уу?

-Тэмцээнд 22 орны 160 гаруй тамирчин оролцсон. Би дөрвөн тулаан хийж алтан медаль хүртсэн. Өр сөлдөгчдөөс хамгийн эхэнд 2011 оны дэлхийн аварга, 2013 оны дэлхийн аваргын хүрэл медальт Бразилийн тамирчинтай тоглосон. Тэр 64 кг-ын жинд рейтингээрээ дэлхийд нэг, хоёрт бичигддэг. Түүнийг би ганцхан оноогоор ялсан. Өрсөлдөөн маш ширүүн болсон. Дараагийн шатанд ОХУ, Марроко улсын тамирчдыг ялж шигшээ тулаандаа дэлхийн аваргын хүрэл медальт Тунисын тамирчин Алаа Шилийг ялсан юм. Мэдээж анх удаагаа том тэмцээнд ороод Монголын анхны Армийн боксын дэлхийн аварга болсондоо маш их баяртай байсан. Тэмцээнд армийн тамирчид оролцдог болохоор байнгын бэлтгэлтэй, хүчтэй өрсөлдөгчидтэй таардаг. Тэдний ихэнх нь улсынхаа шигшээ багийн тамирчид байдаг юм.

-Тэмцээний эхэнд хүчтэй тамирчидтай таараад сугалаа хатуудчихсан юм уу даа?

-Тэгсэн. Тоглолтын ур чадварын хувьд би тэднээс техникээрээ илүү байсан. Алтан медалийн төлөө тоглосон Тунисын тамирчин үр гэлж урагшаа дайрч тоглодог, ядардаггүй сайн тамирчин байсан. Түүнийг би техникийн илүүгээр л ялсан даа. Тэмцээнд гавьяат тамирчин Н.Төгсцогт, Б.Мөнх- Ирээдүй, Ж.Отгонжаргал бид дөрөв дасгалжуулагчтайгаа явсан.

-Та дөрөв нэг багшийн шавь биз дээ?


-Бид дөрөв “Алдар” спорт хорооны гавьяат дасгалжуулагч А.Гантулга багшаар бокс заалгасан. Тэгээд сая багштайгаа дөрвүүлээ яваад би алт, гавьяат тамир чин Н.Төгсцогт мөнгөн медаль хүртлээ. Их бэлгэшээсэн шүү.

-Таныг 14 настайгаасаа боксоор хичээллэсэн гэж сонссон. Спортын олон төрлөөс яагаад боксыг сонгон хичээллэсэн юм бэ?


-Анх 2005 онд 14 настайдаа “Алдар” спорт хороонд ирж, А.Гантулга багшийн шавь болж байлаа. Гэхдээ би эхэндээ сагсан бөмбөгийн секцэнд орох гэж ирсэн юм. Харин Гансүх гэж найзынхаа боксын бэлтгэл хийхийг хараад энэ спорт гоё санагдсан. Тэгээд л долоо хоногийн дараа боксын секцэнд орчихсон. Дөрвөн сар бэлтгэл хийгээд гавьяат тамирчин Т.Үйтүмэнгийн нэрэмжит тэмцээнд ороод хүрэл медаль авсан. Дараа нь өсвөрийн боксчдын “Олимпийн гараа” тэмцээнд түрүүлж, Сочид болох олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Тэгээд тэр тэмцээндээ түрүүлээд ирсэн чинь өсвөрийнхөн дундаа гайгүй нэр хүндтэй болчихсон, гэрийнхэн ч дэмжиж эхэлсэн. Тэгээд л бокст эргэлт буцалтгүй орсон доо.

-Тоглолтынхоо өмнө тактик боловсруулдаг уу?


-Тэмцээнд оролцож байгаа тамирчдын талаар мэдээлэлтэй байдаг. Тэр дундаа тоглох тамирч даа сайн судалдаг. Гэхдээ яг тоглолтын өмнө “Тэгж тоглоно” гэж боддоггүй. Заримдаа их бодохоор тоглолтын өмнө ядрах, бухимдах гээд байдаг талтай. Тиймээс тоглолтын өмнө аль болох тайван байхыг хичээдэг. Бокс бол тактикийн дайн юм.

-Шигшээ багийн тамирчин болоод хэдэн жил болж байна?

-2007 оноос шигшээ багийн тамирчин болсон. Олимпийн цикл дуусахаар шигшээ багийн тамирчдыг дахиж бүрдүүлдэг. Энэ утгаараа өнгөрсөн хугацаанд шигшээ багаас орж, гарсан тал бий. Өнгөрсөн жил л гэхэд би шигшээ багт ороогүй. Харин энэ жилээс дахиж шигшээ багийн тамирчин болсон.

-Таныг 2016 оны олимпод оролцох эрхийн төлөөх олон тэмцээн хүлээж байна?


-Ер нь 64 кг-ын жинд гадаадын тамирчдаас өмнө дотооддоо өрсөлдөөн ихтэй. Ирэх жилийн улсын аваргаар олимпийн эрхийн төлөө тэмцээнд оролцох нь тодорхой болох байх. Миний жинд Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх- Эрдэнэ ах байна. Түүнээс гадна олон өрсөлдөгч бий.

-Хүүгийнхээ тулааны боксын тамирчин болохыг сонсоод эцэг, эх тань хэрхэн хүлээж авсан бэ?


-Гэр бүлийнхэн маань намайг их дэмждэг. Манай аав Нийслэлийн эрүүл мэндийн газарт ажилладаг. Ээж хувиараа бизнес эрхэлдэг. Ерөнхийдөө эрүүл мэндийн салбарын хүмүүс л дээ. Би айлын ууган хүүхэд, нэг дүүтэй. Боловсролын хувьд 2013 онд МУИС- ийн эдийн засгийн анги төгссөн ч цаашдаа боксоороо дагнан ажиллах бодолтой байгаа. Тэгээд ч давхар ажил хийх зав гардаггүй юм.

-Аав, ээж тань ууган хүүдээ мэргэжлээ өвлүүлье гэж бодсон байх даа?


-Сайн мэдэхгүй юм. Гэхдээ энэ талаар ярьж байгаагүй. Манай дүү л ээж, аавын мэргэжлийг өвлөж авч магадгүй.

-Найз бүсгүйтэй юү?

-Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчин Анужинтай үерхдэг. Урлаг, спортыг залуу насных гэж ярьдаг. Хоёулаа ажиллаж, хөдөлмөрлөж байгаад амьдралаа төлөвлөнө дөө. Бид хоёр албан ёсоор үерхээд хоёр жил болж байна. Гэхдээ багаасаа нэг нэгнээ таньдаг байсан. Тийм болоод ч тэр үү нэгнийгээ сайн ойлгодог юм.

-Боловсролдоо хэр анхаардаг вэ?

-“Сантис” сургалтын төвд англи хэл хэсэг хугацаанд сурсан. Төгстөл нь сурч чадаагүй ч гадаадад очоод хэрэгцээнийхээ хүрээнд ярьчихдаг болсон. Төөрвөл зочид буудлаа олчихдог болсон шүү.

 -Одоо ямар тэмцээнд оролцох вэ. Цаашид жиндээ тоглосоор байх уу?


 -Цаашдаа энэ жиндээ л тоглох байх. Одоогоор бодсон зүйл алга байна. Тэмцээний хувьд удахгүй Казахстан улс руу явна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)