“Герман машинууд”нэмэлт цагт Алжирыг “дайрав”
- 2014-07-02
- Спорт
- 0
Герман: Алжир 2:1
Тоглолтын гоолууд Герман-Андре Шюрле-1 /92 дахь минут/
Герман-Месут Озил-1 /120 дахь минут/
Алжир-Абдельмумен Жабу-1 /120+1 дэх минут/
Өнгөрөгч шөнийн 04:00 цагийн тоглолт Герман, Алжирын тулаан байв. Мэдээж уг тоглолтод Герман хожсон. Гэхдээ өрсөлдөгчөө машины хурдтай довтолгоогоор дайрч олон гоолын зөрүүтэй хождог Германы багийн хувьд энэ тоглолтод тааруухан дүн тавихаар байна. Алжирын баг Германы эсрэг зөв тактик баримтлан тоглолтын эхнээс л давуу байдал үзүүлж, хурдтай сөрөг довтолгоогоороо Германы багийг сандаргаж байв. Хэрвээ Германы багт Мануэль Нойер гэгч хаалгач байгаагүй бол Алжирын баг хэдийнэ гоол оруулж Германы багийг үндсэн цагт буулган авах байв. Алжирын багийн аюултай довтолгоо гоол болж чадаагүйн улмаас хурд, хүчээ шавхсан тамирчид нь тоглолтын сүүл үед цуцаж Германы багийг сүүлийн 20 минутад илт илүүрхсэн тоглолт үзүүлэхэд нөлөөлсөн. Гэсэн ч Алжирын баг хаалгандаа гоол алдалгүй үндсэн цаг болон шүүгчийн мэдлийн нэмэлт цагийг дуусгаж нэмэлт цаг сунгахаар болсон. Талдаа 15 минут, нийтдээ 30 минутын уг тоглолтод Герман болон Алжирын баг үлдсэн хүчээ шавхан тоглосон. Учир нь аль аль баг азны гэмээр торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахыг хүсэхгүй байв. Алжираас хол илүү Германы багийн хувьд торгуулийн цохилт гэдэг байж боломгүй зүйл байв. Тиймдээ ч Германы баг сүүлийн 30 минутад Алжираас арай илүү тоглосныхоо хүчинд 92, 120 дахь минутад гоолдож ялалтаа баталгаажуулсан. Харин Алжирын баг бууж өгөх болоогүй гэдгээ харуулж 120+1 дэх минутад гоолдсоноор нэр төрийн нэг гоолтой нутаг буцахаар боллоо. Хэдийгээр Алжирын баг Германы багт хожигдсон ч хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлж шөвгийн 16-д шалгарч чадсан юм. Харин Германы баг 1954 оноос хойш шөвгийн наймд шалгарч байсан амжилтаа үргэлжлүүлж энэ удаад ч мөн шигшээ дөрвийн төлөөх тоглолтод тунаж үлдлээ.

Сэтгэгдэл (0)