Аргентины сахиусан тэнгэр Мариа

 Аргентин-Швейцарь 1:0

 Гоол: Аргентин-Анхел ди Мариа /118 дахь минут/


Аргентины шигшээ багийн хурц од Анхел ди Мариа эмэгтэйлэг, тэр дундаа “Гэгээн Мариа” гэсэн утга бүхий нэртэй. Тэр Швейцарийн багийн эсрэг тоглолтод үнэхээр багийнхаа “Аврагч Мариа” нь байж чадав. “Цагаан цэнхэр”-үүд банк шигээ найдвартай хамгаалалттай Швейцарийн багийн эсрэг сайн тоглосон ч үндсэн цаг болон шүүгчийн мэдлийн нэмэлт цагт гоол оруулж чадсангүй тэнцэв. Улмаар нэмэлт цаг сунган тоглоход Аргентины газарт буусан сахиусан тэнгэр Мариа гоолдож багаа шөвгийн наймд шалгарууллаа. Тэрбээр Аргентины шигшээ болон “Барселона” клубын супер од Лионель Мессигийн дамжуулалтыг хурц өнцгөөс хаалганы их талд цохиж тоглолтын эхний бөгөөд эцсийн гоолыг оруулж цэг тавьсан. Энэ тоглолтод дэлхийн хоёр удаагийн аварга Аргентины шигшээ багийн гол довтлогч Серхио Агуэро бэртлийн улмаас оролцоогүй. Мөн Гонзало Хигуайн үнэхээр муу тоглож байгаа. Тиймээс гол хариуцлага Лионель Месси, Анхел ди Мариа нарын нуруун дээр буусан. Лионель Месси энэ дэлхийн аваргад туйлын сайн байгаа бол Анхель ди Мариа түүнийг дэмжин тоглож байгаа. Үүний нэг жишээ Швейцарьтай хийсэн тоглолт байв. Швейцарьчууд Л.Мессийг давхар хамгаалж тоглуулахгүй байсан бөгөөд тэрээр эцсийн мөчид сулран дамжуулалт өгснийг Анхел ди Мариа чулуу болгосон. Анхел ди Мариа энэ тоглолтын эхнээс эцсийн мөчийг дуустал идэвхтэй гүйж байсан цорын ганц тоглогч байсан бөгөөд түүний цуцашгүй хөдөлмөр өөрт нь гоол оруулах сайхан боломж олголоо. Тэгвэл энэ тоглолтод Аргентинаас дутахааргүй тоглолт үзүүлсэн Швейцарийн баг Анхел ди Мариагийн гоолын дараа тооны харьцааг тэнцүүлж торгуулийн цохилтоор бүхнийг шийдэх сайхан боломж олдсон ч бяцхан аз дутаж бөмбөг шон оносноор нутаг буцлаа. Өөрөөр хэлбэл Аргентины баг хожих учиртай байж. Гэхдээ Швейцарийн баг чансаа илүү Аргентины багийн эсрэг гайхалтай тоглолт үзүүлсэн. Ялангуяа Шердан Шакирийг магтахгүй байхын аргагүй.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)