Аргентин шигшээ тоглолтод шалгарлаа
- 2014-07-10
- Спорт
- 0
1978, 1986 оны дэлхийн аварга Аргентин “Нисдэг Голланд” буюу Нидерландыг торгуулийн цохилтоор хожиж, шигшээ тоглолтод шалгарлаа. 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд учраа таарсан Аргентин, Нидерландын шигшээ багийн тоглолтын үндсэн болон нэмэлт цагт гоол ороогүй. Тиймээс ялагчийг торгуулийн 11 метрийн цохилтоос шийдвэрлэхээр болсон юм. Торгуулийн цохилтод Аргентинчууд илүүрхэж, 4:2-ын харьцаатай Нидерландыг хожлоо.

Тоглолтын шилдэг тоглогчоор Аргентины шигшээ багийн хаалгач Серхио Ромеро тодорлоо. Серхио Ромеро тоглолтыг шийдвэрлэх торгуулийн 11 метрийн цохилтын үеэр Нидерландын шигшээгийн төвийн хамгаалагч Рон Влаар, хагас хамгаалагч Уэсли Снейдер нарын бөмбөгийг хаасан юм.
Торгуулийн цохилтыг гүйцэтгэсэн байдал:
Рон Влаар /Амжилтгүй. Хаалгач хаасан/ Нидерланд 0-0 Аргентин
Лионель Месси /Амжилттай/ Нидерланд 0-1 Аргентин
Ариен Роббен /Амжилттай/ Нидерланд 1-1 Аргентин
Эзикель Гарай /Амжилттай/ Нидерланд 1-2 Аргентин
Уэсли Снейдер /Амжилтгүй. Хаалгач хаасан/ Нидерланд 1-2 Аргентин
Серхио Агуэро /Амжилттай/ Нидерланд 1-3 Аргентин
Дирк Кайт /Амжилттай/ Нидерланд 2-3 Аргентин
Макси Родрегис /Амжилттай/ Нидерланд 2-4 Аргентин
2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын цомын төлөө дэлхийн гурван удаагийн аварга Герман, хоёр удаагийн аварга Аргентин долдугаар сарын 14-ний шөнийн 03:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ тоглох юм. Аргентинчууд домогт Диего Армандо Марадонагийн эрин үед ДАШТ-д хоёр удаа түрүүлсэн түүхтэй. Тэгвэл Аргентин 28 жилийн дараа буюу 2014 онд дэлхийн дөрвөн шилдэг хөлбөмбөгч Лионель Мессигийн эрин үед дахин ДАШТ-ий шигшээ тоглолтод шалгарлаа. Өрсөлдөгч Германы шигшээ баг хорин нэгдүгээр зуун эхэлснээс хойш ДАШТ бүрээс медаль хүртсэн агуу амжилтын эзэд юм. Германы шигшээ 2002 онд мөнгө, 2006, 2010 онд хүрэл медаль хүртсэн юм.
Харин 2010 оны ДАШТ-ий “дурсгалын” мөнгөн медальт Нидерландын шигшээ тэмцээнийг зохион байгуулагч Бразилтай долдугаар сарын 13-нд өглөөний 04:00 цагт /Улаанбаатарын цагаар/ хүрэл медалийн төлөө тоглоно.
Б.БИЛЭГ






Сэтгэгдэл (0)