”Улбар шар”-ууд Бразилыг бут ниргэлээ
- 2014-07-13
- Спорт
- 0
Луй ван Гааль Нидерландын шигшээ багийг удирдан оролцсон сүүлийн тоглолтдоо ялалт байгуулж ДАШТ-ийг хүрэл медальтай дуусгалаа. "Улбар шар"-ууд Бразилыг нийслэл хотод нь 3 : 0-ээр бутниргэж ээлжит том ялагдлыг нь амсуулсан байна.
Робин ван Перси 3 дахь минутанд Роббений авчирсан торгуулийн цохилтыг гоол болгосон бол 15 минутын дараа Дэйли Блинд Бразилын хамгаалалтын цоорхойг ашиглан гоолдсон.
Үүнээс хойш хоёр багийнхан олон гоолын боломж гаргасан бөгөөд Вейналдум 90+1 дэх минутад тоглолтын эцсийн цэгийг тавьснаар Нидерланд түүхэндээ анх удаа ДАШТ-ий хүрэл медаль зүүлээ.
Тэд өмнө нь 1998 онд хүрэлийн төлөө тоглоод Хорватад ялагдаж байсан юм. Харин Бразилын хувьд ДАШТ-ийг бараан дурсамжтай өндөрлүүлж байна.
Тэд 1940 оноос хойш анх удаа нутагтаа 2 дараалан ялагдал хүлээсэн байна. Мөн тэмцээний турш 14 гоол алдан, өөрсдийн анти-амжилтыг тогтоожээ. Тэртээ 1986 онд Бельгийн шигшээ цорын ганц удаа 14 гоол ДАШТ алдаж байсан юм.
Торгуулиас эргэж ирсэн багийн ахлагч Тьяго Силва, бэртэл авсан багийн лидер Неймар сэлгээнд багтсан ч гэсэн Бразилыг сэргээж чадсангүй.
Тэр тусмаа Тьяго Силва эхний гоол дээр Роббений мөрнөөс татаж эсрэг багтаа торгуулийн цохилт өгсөн юм.
Хэдийгээр анхны контакт 16-гийн гадна үүссэн боловч Алжир шүүгч Жамель Хаймуди түүний энэ үйлдлийг шар хуудсаар "шагнаж" пенальти заасан юм.

Улмаар Ван Перси ДАШТ-ий 4 дэх гоолоо ерийн буланд зоож мэргэн буучдын жагсаалтын 3-р эгнээнд орж ирлээ. Весли Шнайдер тоглолтын өмнөх бие халаалтын үеэр шөрмөсөө бэртээж Жонатан де Гузман талбайд гарсан ч гэсэн Нидерландын хүч нэг их суларсангүй.
Тэд үргэлжлүүлэн довтолсоор 16 дахь минутад Давид Луйсийн тааруухан цэвэрлэсэн бөмбөгийг Давмд Блинд ядах юмгүй гоол болголоо. 24 настай залуу ийнхүү шигшээ багийн дебут гоолоо дэлхийн аваргын чухал тавцанд оруулж байна.

Талбайн эзэд тоог тэнцүүлэхээр хэд хэдэн аюултай довтолгоо өрнүүлсэн. Энэ бүхэн нь Оскараар дамжиж байсан бөгөөд харамсалтай нь Давид Луйс, Паулиньо нар түүний хичээл зүтгэл гаргаж өгсөн дамжуулалтыг төгсгөж чадсангүй.
Завсарлагааны дараа Рамирес хувийн ур чадвараа харуулж хаалганы шонтой маш их ойрхон цохилтыг мөн хийсэн. Ерөнхий шүүгч удалгүй бас нэгэн маргаантай шийдвэр гаргалаа. Оскарыг Блинд 16 дотор алдаа гарган унагасан боловч шүүгч пенальти заахын оронд Оскарт өөрт нь "Оскарын шагнал авахаар жүжиглэсэн" хэмээн шар хуудас өгсөн юм.
Блинд өөрийнхөө гаргасан зөрчлөөс болж бэртэл аван талбайг чөлөөлөхөд хүртэл шүүгч шийдвэрээ өөрчилсөнгүй. Фернандиньо, Эрнанес, Халк нар талбайд орж ирээд тооны харьцааг өөрчилж чадсангүй.

Улмаар цаг дуусах мөчид Янматын дамжуулалтыг Вейналдум чулуу болгосноор тоглолт шийдэгдлээ. Ван Гааль Силлессенийг 90+1 дэх минутад Мишел Вормоор сэлгэж бүрэлдэхүүний 23 тоглогчоо бүгдийг нь ДАШТ-ий утаа үнэрлүүллээ.
Мөн Силлессен ДАШТ-ий түүхэнд нэг тэмцээнд хоёр удаа сэлгэгдсэн анхны хаалгач болж байна. Тэднээс гадна гурван хаалгачаа ашигласан баг зөвхөн Португал байгаа юм.
Бразилын шигшээ багийн дасгалжуулагч Луйс Фелипе Сколари-гийн ирээдүй энэ ялагдлын дараа бүрхэг боллоо. Тэрээр тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа "Миний ирээдүйг Бразилын хөлбөмбөгийн холбоо шийднэ" хэмээжээ. Мөн
"Манай залуус тааруухан байгаагүй. Дөнгөж 3 дахь минутад гоол алдчихсан болохоор бидний хэмнэл алдагдчихсан. Гэхдээ тэдний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй"
"Бразилын энэ бүрэлдэхүүн 4 жилийн дараа илүү хүчирхэг туршлагатай болоод эргэж ирэх болно" хэмээв.

Харин Луй Ван Гааль багийнхаа залуусаар бахархаж байгаагаа өгүүллээ.
"Бразил биднээс нэг өдөр илүү амарсан. Дээр нь бид нар пеналтиар ялагдсан. Гэхдээ манай багийнхан ямар хүчтэй гэдгээ дахин баталж байна"
"Энэ бол миний удирдаж байсан хамгийн шилдэг бүрэлдэхүүн байлаа. Би тэднээр маш их бахархаж байна"
"Энд хөлбөмбөгийн ур чадвараас илүү хүн чанар, хамт олны уур амьсгал, эв нэгдлийн тухай би ярьж байна. Бид нар тэмцээнийг ялагдалгүй дуусгасан. Тийм болохоор тоон үзүүлэлтийн хувьд бид Дэлхийн аварга"
Яг одоогоор Бразилын ДАШТ-д нийт 170 гоол ороод байна. Аваргын төлөөх тоглолтонд ганцхан гоол ороход 1998 оны 171 гоолын рекордтой эн зэрэгцэнэ. Эсвэл даваад гарах ч боломж байгаа.

Сэтгэгдэл (0)