Неймар: Бразильд хөлбөмбөгийг буруу заадаг

Бразилийн шигшээ багийн гол тоглогч, “Барселона” багийн довтлогч Неймар “OGlobo” сэтгүүлийн сурвалжлагчийг гэртээ хүлээн авч уулзжээ. Тэд өнгөрсөн дэлхийн аваргын тэмцээний талаар голлон ярилцсан байна. Энэхүү ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.

-“Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнд Бразилийн шигшээ баг жинхэнэ бүрэлдэхүүнээрээ оролцож чадсангүй” гэсэн яриа гарах болжээ?


-Энэ асуултад хариулж чадахгүй нь. Бид нар тийм ч муу тоглоогүй шүү.

-Талбайд таньд гэмтэл учруулсан Колумбийн хөлбөмбөгчин Хуан Суньингийг уучилсан уу?

-Би Хуаны уучлалыг энэрэнгүй сэтгэлээр хүлээн авсан ч яагаад тийм үйлдэл гаргасныг нь ойлгоогүй. Тэрбээр хөлбөмбөгийн ногоон зүлгэн дээр багагүй хугацааг өнгөрүүлсэн туршлагатай нэгэн шүү дээ.

-Тэмцээн нэгэнт дууссан. Одоо алдаа оноогоо хэрхэн засаж залруулахаа бодох цаг. Та энэ талаарх бодлоосоо хуваалцаач?


-Би дасгалжуулагч биш учраас дараагийн төлөвлөгөөний талаар ярих нь утгагүй. Би бол ногоон зүлгэн дээр дасгалжуулагчийн зааврыг дагадаг энгийн хөлбөмбөгчин.

-Тэгэхээр та бүхний азгүйтэл дасгалжуулагчийн алдаа байж ээ?

-“Шигшээ багийн бүрэлдэхүүнийг буруу сонгосон” гэж та хэлэх гээд байна уу. Хэрвээ би дасгалжуулагч байсан бол эдгээр 23 хөлбөмбөгчинг сонгох байсан.

 -Танай шигшээ баг гадны мэргэжилтэнг урих болсон талаар?

-Би энэ шийдвэрийг ойшоохгүй байгаа.

-Саяхан Карлос Алберта Паррейра “Бразилийн хөлбөмбөгчдийн бэлтгэлийн арга барил буруу байна” хэмээсэнтэй санал нийлэх үү?

-Үнэний ортой үг хэлжээ. Бэлтгэлийн тухайд бол шинэ тамирчдад суралцах боломж бага олгодог. “Тийшээ гүй”, “Дамжуулалт өг” гэсэн үгсийг л бэлтгэлийн талбайд сонсно. Харин яаж, хэрхэн тоглох ёстойг тэр бүр сургадаггүй.

-Тэгэхээр бразиль хүүхдүүдэд хөлбөмбөгийг буруу заадаг гэсэн үг үү?

-Тийм. Би энэ буруу сургалтын золиос болох дөхсөн хүн. Энэ талаар аав минь надад хэлэх хүртэл би юу ч анзааралгүй бэлтгэл хийж байсан. Нэг удаа солгой хөлийг минь чиглээд бөмбөг ирэхэд дасгалжуулагч “Баруун хөлөөрөө дамжуулалт өг” гэсэн. Энэ үед бэлтгэлийг үзэж суусан аав минь “Хүү минь бөмбөг зүүн хөл рүү чинь чиглэж ирсэн бол солгой цохь. Чадахгүй бол суралц” гэж билээ. Аавынхаа заавраар л би солгой цохиж сурсан.

-Германтай хийсэн тоглолтын дараа цахим ертөнцөд Бразилийн шигшээ багийн тухай олон зүйл бичсэн. Та тэр бүхнийг уншсан уу?

-Уншилгүй яах вэ. Хүмүүс бага зэрэг бухимдалтай байх шиг санагдсан. Фэнүүд маань өөрсдийгөө бидний оронд тавьж үзэх хэрэгтэй. Хөлбөмбөгчид ч гэсэн гэр бүлтэйг, тэдний бичсэн сэтгэгдлийг хөлбөмбөгчдийн хүүхдүүд уншиж байгааг мартаж болохгүй.

-Энэ жил шилдэг хөлбөмбөгчөөр Месси шалгарсан. Танд боломж байсан шүү дээ?


-Би Мессигийн шүтэн бишрэгч. Роббен, Швайнштайгер нар бол миний шүтээн. Энэ гурван хөлбөмбөгчний хэнийг нэгд дугаарлахаа мэдэхгүй байна.

-Өнгөрсөн бүхнээс суралцсан таны туршлага юу вэ?


-Бэлтгэл. Бэлтгэл сайн бол ялж болдгийг ойлгосон.

-Энэ жилийн таны хамгийн том өрсөлдөгчийг нэрлэвэл?


-Германы шигшээ баг.

-Тэгвэл таны сэтгэлийг хөдөлгөсөн гоол?

-Жеймс Родригесын Японы хаалгад оруулсан гоол.

-Дэлхийн аваргын тэмцээний шүтээн тань хэн байв?

-Миний найз охин байсан.

-Модель Бруна Маркезина та хоёрын харилцаа цаашид гүнзгийрэх үү?

-Одоохондоо үгүй. Би 22 настай. Харин Бруна 19 настай.

-Та хуучин найз бүсгүй Каролинатай холбоотой байдаг уу?


-Бид хоёр 17 настайдаа Сан-Паулод танилцаж 2011 онд хүүтэй болсон. Одоо холбоогүй байдаг.

 -Та 19 насандаа аав болсон. Хүүгийнхээ нэрийг өөрөө өгсөн байх аа.

-Тийм ээ. Би Бразилийн домогт хөлбөмбөгчин Луис Роналдог хүндэлдэг. Хүндэтгэлийн илэрхийлэл болгон хүүдээ Луис Давид гэдэг нэрийг өгсөн.

-Таныг их шүтлэгтэй хүн гэж сонссон?

-Би долоо хоногт нэг удаа сүмд очиж залбирдаг.

-Та нүдний шилийг гоёл гэдэг утгаар нь зүүдэг үү. Эсвэл?

-Нүдний шил бол миний стилийн нэг хэсэг.

-Таныг Пелетэй жишиж ярихад дургүй байдаг. Хэрвээ Бекхэмтэй жишвэл?

-Агуу Пеле бид хоёр тэс ондоо хүмүүс. Би зугаацаж, дэлгүүр хэсч шинэ хувцас худалдан авах дуртай. Ялангуяа үнэртэй ус, үс арчилгааны бүтээгдэхүүнд гар татдаггүй. Энэ зан маань Бекхэмтэй холбоотой. Тэр бол миний мэдэх хамгийн стильтэй хөлбөмбөгчин.

Х.Эрдэнэзаяа
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • t (182.160.42.186)

    2014-08-12

    mobigiin dugaar zarna 9909-tei bolon 9904 utas 9919-8244