Т.Амарзаяа:Цаашдын зорилт бол дэлхийн аварга цолоо хамгаалах
- 2014-09-05
- Спорт
- 0
Өнгөрөгч сарын шувтаргаар ОХУ-д дэлхийн “Pow-rlitting”-ийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Энэ тэмцээнд Хилийн цэргийн 0166 дугаар ангийн Харуулын албаны дарга, ХХЕГ, “Хилчин” спорт хорооны тамирчин Тайвантөмөрийн Амарзаяа алтан медаль хүртээд зогсохгүй, дэлхийн рекордыг жиндээ шинэчлэн тогтоожээ. Дашрамд дурдахад манай жудочид ОХУ-д болсон дэлхийн аваргад амжилттай оролцож, дэлхйин аварга төрүүлээд ирсэн билээ. Үүний салхийг хагалж, наймдугаар сарын 20-24-ний өдрүүдэд болсон дэлхийн аваргад манай Т.Амарзаяа мөн л Монголынхоо нэрийг дуурсгасан. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө хүргэж байна.
-Юуны өмнө дэлхийн аварга болсонд баяр хүргье. Ингэхэд дэлхийн хэмжээний тэмцээнд хэд дэх удаагаа оролцож энэ хүндтэй цолны эзэн болов?
-Баярлалаа. Дэлхийн аваргын тэмцээнд анх удаа оролцож амжилт гаргалаа. Гэхдээ үүний өмнө өнгөрөгч долдугаар сарын 3-нд Дэлхийн цомын тэмцээнд оролцож, Дэлхийн цомын эзэн болж түрүүлсэн. Миний хувьд “Pow-rlitting”-ийн төрөлд 82.5 килограммын төрөлд оролцож түрүүллээ. Мэдээжийн хэрэг дэлхийн хэмжээний учраас өрсөлдөөн тэр хэрээр ширүүн байлаа.
-Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоохоос гадна бас нэг төрөлд хүрэл медаль хүртсэн гээд амжилтын хувьд бол гялалзсан мэдээлэл бий. Урьд өмнөх амжилт гээд энэ тухай тодруулж ярихгүй юу?
-Урьд өмнө миний энэ жинд ОХУ-ын тамирчин 215 килограммыг өргөж дэлхийн дээд амжилтыг тогтоосон байдаг. Харин би энэ удаад 230 килограмм болгож шинэчлэн тогтоолоо. Урьд өмнөх томоохон амжилт гэвэл 2010 онд болсон Азийн аваргын тэмцээнээс хүрэл медаль авч байв. Сая дэлхийн аварга болоход дан шахалттай төрөлд алт авсан бол давхар хэрэглэлтэй төрөлд хүрэл медаль хүртсэн. Ер нь энэ спортоор 2008 оноос хойш хичээллэж байна. Сүүлийн жилүүдэд хүчний төрөл дэлхий дахинаа төдийгүй манай улсад ч маш эрчтэй хөгжиж байгаа. Өнөөдөр нийслэлд хоёр буудал тутамд нэг фитнес клуб хичээл сургалт явуулж байна шүү дээ.
-Ингэхэд дэлхийн аварга маань улсынхаа аваргад ямар амжилт үзүүлж байв. Урьд өмнө ямар спортоор хичээллэж байв?
-Би 10 жилийн сурагч байхдаа хөнгөний спортоор хичээллэж байсан. Харин оюутан болоод жудо бөхөөр хичээллэсэн. Би чинь энэ МУБИС-ийн Биеийн тамирын ангийг төгссөн юм. Улсын аваргад олон удаа оролцсон. Улсын аваргын хэвтээ шахалтад хоёр түрүүлсэн, мөн “Pow-rlitting”-д хоёр түрүүлсэн. Тэгээд мөнгө хүрэл медаль ч хүртсэн. Би МУБИС төгсөөд Өмнөговь аймгийн Овоотод очиж цэргийн алба хаасан. Цэрэгт байхдаа улсын аваргаас медаль авч байлаа. Тиймээс ч цэргээс халагдаж ирээд “Хилчин” спорт хороонд харъяалагдах болсон. Дашрамд дурдахад Хурандаа Наранбат захиралтай Хилийн цэргийн 0166 дугаар анги, ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны хамт олон, багш дасаглжуулагч нартаа баярлаж явдгаа хэвлэл мэдээллээр дамжуулж байгааг минь хүргэж өгөөрэй.
-Нас залуу байна. Тэгэхээр цаашдын зорилго юу байна. Тэр тусмаа хамгийн ойрын зорилт юу байна?
-Юутай ч цаашдын зорилт бол дэлхийн аварга цолоо хамгаалах. Илүү их амжилт гаргах. Энэ дэлхийн аварга хэмээх цолыг хамгаална гэдэг өөрөө маш их хөлс хүч гаргах асуудал байх. Мэдээж, бусад холбоодын дэлхийн аваргад ч амжилт гаргах нь зорилгын маань нэг үндэс. Энэ л байна даа. Ойрын гэвэл цэрэг, цагдаа гээд хүчний байгууллагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй болно. Үүнд л аваргын нэрийг хамгаалж өрсөлдөх хэрэгтэй.
-Тамирчин хүнд гэмтэл бэртэл гээд асуудал их бий?
-Тамирчин хүн бэртэл авах тохиолдол элбэг шүү дээ. Тэр тусмаа хүчний спортын тамирчид ойлгомжтой. Бэлтгэл дээр ч тэр, маш болгоомжтой байх хэрэгтэй.
-Дэлхийн аварга маань аль нутагт төрсөн хүн байна?
-Өвөрхангай аймаг, эртний сайхан түүхт Хархоринд төрж өссөн. 10 жилийн сургууль төгсөөд л хотод оюутан болж ирсэн дээ.
-Сая болсон дэлхийн аваргын тэмцээнд манай улсаас хэдэн тамирчин оролцов. Таны жинд ямар орны тамирчид удаалав?
-Нийтдээ 26 тамирчнаас бүрдсэн баг явлаа. Миний жинд ОХУ мөнгө, Азербайджаны тамирчин хүрэл медаль хүртсэн. Ер нь оросын тамирчид дэлхийд чансаагаараа дээгүүр явдаг л даа.





С.Баяр

Сэтгэгдэл (0)