С.Насанбуян: Фитнесс бол миний хобби
- 2014-09-05
- Спорт
- 0
Макаод болсон 48 дахь удаагийн бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээний фитнесс модель ангилалд алтан медаль авсан тамирчин С.Насанбуянтай ярилцлаа.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Энэхүү тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байна вэ?
-Баярлалаа. Бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон болохоор туршлага дутсан тохиолдол гарлаа. Гэхдээ сэтгэгдэл маш өндөр байна. Миний өрсөлдсөн ангилалд жин биш өндрөөр хэмждэг. Тухайлбал, би фитнесс модель, 160 см-ээс доош гэсэн ангилалд орсон. Анхны тэмцээн минь байсан учраас алтан медаль авна гэж төсөөлж ч байгаагүй. Яг шагнал авч байх үедээ балмагдаад юу ч бодож амжаагүй. /инээв/
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсын тамирчин байв?
-Ер нь тамирчид тэмцээнд нэгэн жигд сайн оролцсон. Тийм болохоор бүгд л хүчтэй өрсөлдөгчид байсан. Тэднээс Тайланд улсаас оролцсон тамирчин миний хувьд хүчтэй өрсөлдөгч болсон.
-Бодибилдинг фитнессээр хэдэн жил хичээллэж байна вэ?
-Энэ спортоор хичээллээд дөрвөн жил болж байна. 2009 онд анх бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль авч байсан.
-Энэ удаагийн тэмцээнд Монголоос хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй явсан бэ?
-Тэмцээнд Монголын тамирчид олон жил оролцож байгаа гэсэн. Энэ удаад манай 15 тамирчны ес нь алт, мөнгө, хүрэл медальтай, 13 цомтой ирсэн. Тэмцээнд 29 орны 300 гаруй тамирчид оролцсон.
-Та ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-МУИС, Удирдлагын академийг төгссөн. Одоо бол Малайзад бизнес удирдлагын чиглэлээр сурдаг. Хоёр жилийн дараа төгсөнө. Энэ тэмцээнд оролцчихоод Малайз руу буцах байсан боловч амжилт үзүүлээд эх орондоо ирлээ. Хоёр, гурван хоногоос бууна даа.
-Цаашид ямар уралдаан тэмцээнд оролцох зорилготой байна вэ. Мөн спортоор хичээллээд явах уу эсвэл сурч байгаа мэргэжлээрээ ажиллах уу?
-Монголын бодибилдинг фитнессийн холбооны тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл ажилдаа орсон. Холбооны удирдлагууд зохион байгуулж ярилцсаны дараа тэмцээн уралдаанд оролцох байх. Фитнесс бол миний хобби. Энэ чиглэлээр мөнгө олно гэж байхгүй шүү дээ. Ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцохоор бол санхүү эдийн засгийн асуудлыг тухайн тамирчин өөрөө зохицуулдаг. Ер нь бусад спортынхон ч тэгдэг л байх. Тийм болохоор үндсэн мэргэжлээрээ ажиллана. Бас фитнессээрээ ч хичээллэнэ.
Ц.Заяа

Сэтгэгдэл (2)
Tugsu (112.72.13.213)
Nasaa akademiin angiihnaa tuluulj bayr hurgie!maash caihan haragdaj b.naa.
zochn (103.230.82.196)
http://www.leaguecodes.net/?rid=ae5ba271