Ч.Мөнхсайхан: Манай бейсболчид азийн тавцанд өрсөлдөх бүрэн боломжтой
- 2014-09-09
- Спорт
- 0
БНСУ-ын Инчон хотод 11 хоногийн дараа эхлэх Азийн XVII наадамд манай улсын бейсболын тамирчид оролцохоор болсон. Саяхан тус улсын багтай хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тоглолт хийгээд ирсэн бейсболын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монголын бейсболын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Мөнхсайхантай удахгүй болох наадмын талаар ярилцлаа.
-Инчоны Азийн наадамд оролцох Монголын бейсболын багийг та дасгалжуулж байгаа. Тэдний бэлтгэл сургуулилт хэр байна вэ. Дасгалжуулагчийн хувьд тэмцээнээс ямар үр дүн хүлээж байна?
-Монголын бейсболын холбооны залуучуудын шигшээ баг ерөнхийдөө бэлтгэл сургуулилтаа базаагаад бэлэн болж байна. Энэ удаагийн наадамд оролцох гэж байгаа шигшээ багийг 2013 онд бүрдүүлсэн. Энэ утгаараа өнгөрсөн оноос Азийн наадамд оролцох бэлтгэлээ базаасан гэж ойлгож болно. Бид зундаа өөрийнхөө талбайд бэлтгэлээ базааж байна. Инчоны Азийн наадамд бид 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Есдүгээр сарын 18-нд эх орноосоо хөдөлнө. Энэ жилийн хувьд бид гурван багийг ялъя гэсэн зорилго тавьсан.
-Монголын бейсболын холбооны хүндэт ерөнхийлөгч Хакухо М.Даваажаргал тамирчны зардалд зориулан мөнгөн хандив өгсөн гэсэн. Энэ нь та бүхний хувьд тэмцээнд оролцоход ихээхэн хувь нэмэр болсон байх?
-Монголын бейсболын холбооны хүндэт ерөнхийлөгч Хакухо М.Даваажаргал өөрийн сангаараа дамжуулан мөн Японы Токушима мужийн иргэн тамирчдын замын зардал болон бусад зүйлд ихээхэн тусалсан байгаа. Ингэж тусалсан хүмүүсийн буянаар Азийн наадамд оролцоход бэрхшээлгүй боллоо.
-Энэ удаагийн Азийн наадамд оролцох гэж байгаа тамирчдын гаргасан амжилтаас уншигчдад танилцуулаач?
-Тэмцээнд оролцох гэж бай- гаа шигшээ багийн хүүхдүүд 10 настайгаасаа бейсболоор хичээл- лэсэн. Тэд клубт хуваагдан хичээллэж байгаад 2008 оноос залуучуудын шигшээ багийг байгуулахад нэг баг болсон. Тэр ондоо бид Япон улсад зохион байгуулсан нөхөрлөлийн тэмцээнд оролцоод шагналт IV байрт шалгарч байлаа. Хамгийн сүүлд 2013 онд энэ багийн бүрэлдэхүүнээрээ Зүүн Азийн наадмын бейсболын тэмцээнд оролцож улсынхаа амжилтыг ахиулсан.
-Бейсболын тамирчдыг багаас нь бэлтгэвэл илүү амжилт гаргах боломжтой гэдэг. Манай орны хувьд тамирчдыг хэдэн наснаас нь энэ спортоор хичээллүүлж байна вэ?
-Монгол хүүхдүүд найман настайгаасаа бейсболоор хичээллэж байна. Ерөнхийдөө Азийн орнуудад хүүхдүүд зургаан настайгаасаа бейсболоор хичээллэдэг. Найман настай хүүхдүүдийг хоёр жил хичээллүүлэхэд арван наснаасаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой болдог. Саяхан наймдугаар сарын 10-16-ны хооронд Солонгосын мэргэжлийн бейсболын багийн урилгаар манай өсвөрийн тамирчид лигийн тэмцээнд оролцоод ирлээ. Солонгосын таван багийг хожиж лигийн аварга болсон. Одоо эдгээр хүүхдүүдийг сайн бэлтгэж олон улсын тэмцээнд оролцуулах хэрэгтэй байна. Үүний тулд сайн менежмент хэрэгтэй. Ингэж хаа хаанаа сайн ажиллаж чадвал монгол бейсболчид Азийн тавцанд өрсөлдөх бүрэн боломжтой юм.
-Бейсболчид улирлаас шалтгаалан бэлтгэл хийхэд амаргүй байдаг. Жишээ нь, та бүхэн өвөл хаана бэлтгэл хийж байна вэ?
-Өвлийн цагт арван жилийн сургуулийн зааланд долоо хоногт хоёр удаа бэлтгэл хийдэг. Заал түрээсэлдэг ч стандарт бус байдаг болохоор тамирчдад хүндрэлтэй. Гэхдээ бэлтгэлийг нь алдагдуулахгүйн тулд хүчний бэлтгэл ч болтугай хийлгэхийг хичээдэг. Харин зундаа өөрийнхөө талбайд бэлтгэлээ хангадаг.
-Ардчилалтай хамт хөгжсөн бейсболын хөгжил манай улсад ямар байна. Хүүхдүүд энэ спортоор хичээллэх нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Монголын бейсболын холбоо 1991 оны долдугаар сард тухайн үеийн Хууль зүйн яамны шийдвэрээр үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага. Түүнээс хойш 2000 он хүртэл олон улсын наадамд манай тамирчид тасралтгүй оролцсон. 2000 оноос нийгмийн хүрэлцээнээс шалтгаалж хүүхдүүд бейсболоор хичээллэх нь багассан. 2010 онд холбооны удирдлага солигдож мэргэжлийн боловсон хүчинтэй болсон. Ер нь хүүхдүүд бейсболын спортоор хичээллэснээр зөв монгол хүн болж төлөвшдөг гэж хэлж болно. Бейсболын спорт нь хагас цэрэгжилтийн байдалтай учраас хүүхдүүдийг тэвчээр хатуужилтай болгодог.
-Спортыг хөгжүүлэх нэг чухал зүйл нь хувцас хэрэглэл байдаг. Монголын бейсболын холбоо тамирчдынхаа хэрэглэлийг хэрхэн хангадаг вэ?
-Бейсболын Азийн холбоо, Японоос зарим хувцас хэрэгслэлээ авдаг. Бейсболын хэрэглэлийг сайн боловсруулсан үхэр, гахайн ширээр хийдэг учраас Монголд үйлдвэрлэх боломжгүй. Манай хагас боловсруулсан ширээр тэдгээрийг хийхэд дарайгаад хатчихдаг дутагдалтай. Тийм учраас манай холбоо бейсболынхоо тамирчдын бүх хэрэглэлийг өөрсдөө өгдөг.
-Одоо танай холбоонд хэчнээн мэргэжлийн дасгалжуулагч байна вэ. Гадаадын мэргэжилтэн бий юү?
-Одоогоор манай холбоонд гадаадаас ирсэн дасгалжуулагч байхгүй. Ирэх жил Япон, Солонгосоос мэргэжлийн дасгалжуулагчид авчрах төлөвлөгөөтэй байна. Ер нь Монголд мэргэжлийн гэж хэлэх дасгалжуулагчид байдаг.
Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл (0)