Амлалтдаа хүрч, алтан медаль хүртсэн дэлхийн аварга С.Цэрэнчиэддээ баярлалаа

“Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Сүхээгийн Цэрэнчимэд Ташкентийн дэлхийн аваргын дэвжээн дээр бусдаасаа илүү гэдгээ харууллаа. Түүний барилдааныг монголчууд суудал дээрээ тогтож чадахгүй үзсэн гэхэд болно. Ээжийгээ уйлуулж, элэг нэгтнүүдийнхээ сэтгэлийг огшоосон охиноороо бид бахархаж байна. С.Цэрэнчимэд энэ жил19 настай. Тэр чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эмэгтэй бөхчүүдээс төрсөн хоёр дахь, Монголын бөхчүүдээс төрсөн дөрөв дэх аварга болж, тав дахь алтан медалийг эх орондоо авчирлаа.

 

Гэхдээ дэлхийн аварга хэмээх эрхэм нэр хүндийн эзэн нь болсон хамгийн залуу тамирчин болж байгаа юм. Хөдөлмөрийн баатар Зэвгийн Ойдов 25 настайдаа, Хорлоогийн Баянмөнх аварга31 настайдаа, Соронзонболдын Батцэцэг20 настайдаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан удаатай. Энэхүү он тооллыг Хэнтий аймгийн охин эвдэж, Монгол Улсад бөхийн спортын хөгжил ямар байгааг дэлхийн дэвжээнээ мэдрүүллээ. Тэр тэмцээний нэгдүгээр тойрогт Оросын бөх Н.Гольцтой барилдахдаа эхний үед хоёр удаа хөлд явж дөрвөн оноо авч хоёрдугаар үедээ түвэггүйхэн дийлсэн. Хоёрдугаар тойрогт Японы бөх Казуки Сакамитай учраа таарч, нэгдүгээр үед хөлд орж зургаан оноо авч хоёрдугаар үед хоёр хөлд нь давхар хамж дөрвөн оноогоор шидэж тэндээсээ цэвэр дарсан юм.

Харин алтан медалийн төлөөх барилдаанд хурдтай, хүчтэй, эрс шийдэмгий барилдаж есөн онооны зөрүүгээр өрсөлдөгчөө илт давуугаар буулган авсан. Энэхүү шийдвэрлэх барилдааны дараа отгон аварга маань амьсгаагаа дарж чадаагүй байхдаа сурвалжлагчийн асуусан асуултад “Монголын бөхчүүд багаараа сайн бэлтгэлтэй ирсэн. Бид нэг баг болон ажиллаж үр дүнг нь амсч байна, манай холбооны ерөнхийлөгч Асашёорюүд эмэгтэй бөхчүүдийн тусгай хөтөлбөр гарган ажиллаж байгаад нь баяр хүргэж байна. Тэр хөтөлбөрийн үр дүнд бидний барилдаан сайжирч байна” хэмээжээ. С.Цэрэнчимэд16 настайдаа олон улсын хэмжээний мастер болсон. Энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө гадаад дотоодын олон тэмцээнд оролцож, дасгалжуулагчдын хараанд өртсөн шилдэг залуу бөхчүүдийн нэг байсан. Харин одоо тэр тодоос тод гэрэлтэж, үеийнхнийхээ үлгэр дуурайлал болж чадлаа. Түүн шиг бөхийн спортоор хичээллэж байгаа дүү нартаа отгон дэлхийн аваргаас эрч хүч авч, хүн хичээвэл бүтэхгүй, болохгүй, чадахгүй зүйл гэж байдаггүйг мэдрүүлсэн.

 

Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахын өмнө ээждээ“Би заавал амжилтад хүрэх болно” гэж хэлсэн амандаа хүрлээ. Дүүгийнхээ араас цайны дээжээ өргөсөн эгч, барилдах бүрт нь мэддэг бүх л маани мэгзмээ уншсан ээжийнх нь чин сэтгэлийн хүсэл, залбирал түүнийг мөн түшсэн биз ээ. Бас“Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, үндэсний эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр нарын хөдөлмөрийн үр шимээр С.Цэрэнчимэд дэлхийн тамирчин болж байгааг дурдах нь зүйтэй. Ингэж эх орон, аавынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж, нэрийг нь өндөрт өргөсөн охиноороо Монгол түмэн бахархаж байна. Энэ өдөр түүний нэгэн адил барилдсан Монголын бөхчүүд ч эх орныхоо нэрийг гаргахын төлөө хүч чадлаа бүрэн дайчилсан.

 

Бөх хүн өнөөдөр муу барилдаж, алдаа гаргасан байж болно. Харин маргааш нь өчигдрийн гаргасан алдаагаа дахин давтдаггүй болохоор ялагдсан бөхчүүддээ урам хайрлах хэрэгтэй. Энэ өдөр дэлхийн отгон аваргатай нэгэн цагт дэвжээн дээр барилдсан Э.Нарангэрэл, А.Батцэцэг, Б.Одончимэг нартаа ч цаашид оролцох тэмцээнд нь амжилт хүсье. Тамирчны алдар хямдхан олддоггүй гэдэг. Тэднийг медалийн тавцанд гарахад Монгол Улсын нэрийг зарлаж, төрийн дуулал маань эгшиглэдэг шүү дээ. Тэмцээний өмнөх өдрүүдэд болсон барилдаанд манай эрэгтэй бөхчүүд сайн оролцож Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар хүрэл медаль хүртэж106 орноос зургадугаар байрт шалгарсан. Тамирчид маань булган сүүлтэй байж түүнээс дараа Монгол Улс дэлхийн аваргатай боллоо. Гэхдээ тамирчдын маань амжилт үүгээр дуусахгүй. Одоо дахиад олон бөх дэвжээн дээр гарч эх орныхоо нэрийг гаргана. Бөхөө хүндэлж хайрладаг монголчууд одоо Соронзонболдын Батцэцэг гавьяатаа барилдахыг тэсэн ядан хүлээж байна. Түүнийг алтан медаль ихэрлүүлчих болов уу гэсэн хүсэл, найдвар дүүрэн байна.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)