Н.Төгсцогт: Ялна гэдэгтэй итгэлтэй байсан

Азийн XVII зуны наадамд оролцсон Монголын боксын тамирчид болон дасгалжуулагчид өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ удаагийн наадамд Монголын боксын үндэсний шигшээ багийн 12 тамирчин өрсөлдөж нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар 34 орноос багийн дүнгээр тавдугаар байрт шалгарчээ. Манай тамирчид 24 тулаан хийж 13 ялалт, 11 ялагдалтайгаар тэмцээнийг дуусгасан байна. Азийн наадмын үеэр гавьяат тамирчин Н.Төгсцогтын тэмцээний шүүлт булхайтай болсон талаарх мэдээлэл дотоод болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тухайн үед манай улсын тамирчдын багийг ахалж явсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гомдол гарган тулааны бичлэгийг дахин шүүсэн ч тэмцээнийг шүүгчдийн үр дүнд нөлөөлөөгүй юм. Мэдээлэл хийх үеэр болсон үйл явдлын талаар Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтоос тодрууллаа.

 

-Таны Солонгосын тамирчинтай хийсэн тулааны шүүлтийн талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн турш олны анхаарлыг татлаа. Тулааны дараах шүүгчдийн шийдвэрийг сонсох танд амаргүй л байсан байх?

 

-Би эхний тулаандаа гоц мөр гөж, дараа нь Туркместаны боксчинг ялж хүрэл медалийн тө-лөө Солонгосын тамирчин Хам Санг тай тоглосон. Шүүгчдийн шийд вэрийг ийм тийм гэж хэлмээргүй байна. Ер нь орсон цохилтоо тоолохоор би Солон-госын тамирчнаас илүү байсан. Гэхдээ тэглээ гээд яах вэ дээ. Тэмцээн нэгэнт дууссан. Одоо үүнийг цаашид дэвэргэж заргалдах шаардлагагүй гэж бодож байна. Тэр зааланд байсан үзэгчид “Монголиа” гэж орилолдсон. Бусад орны тамирчид “Чи бол ялагч шүү” гэсэн. Тэр л надад хангалттай.

 

-Тухайн үед өөрийнхөө тоглолтыг бүрэн гаргаж чадсан уу?

 

-Сэтгэлд хүртэл сайн тоглож чадаагүй. Гэхдээ бүх зүйлээ дайчилж гаргасан. Тэр үед тоглосон чадамж маань хүмүүсийн харснаар тэгж л гарсан. Өчигдөр орой тоглолтоо дахин үзсэн. Сэтгэл зүйн хувьд бол маш сайн байсан. Хамгийн гол нь хожигдсоноосоо илүү монголчууддаа маш их баярлаж байгаа. Твиттер, фэйсбүүкээр урам өгсөн, сайхан үгтэй сэтгэгдэл олон ирсэн. Намайг хайрлаж хүндэлж байгаа нь үнэхээр сайхан байна. Тэр Солонгос яах вэ. Би түүнийг дараа нь хожно гэдэгтээ итгэлтэй байна.

 

-Өрсөлдөгчдөө хэр судалсан бэ. Ялангуяа Солонгосын тамирчинг?

 

-Би Азийн бүх тамирчинтай тоглоод үзчихсэн.Тодорхой хэмжээнд судалсан. Гэхдээ Солонгосын тамирчинг судалж чадаагүй. Тоо цоолоогүй тамирчин байсан. Миний орсон зоонд Казахстаны боксчинтой таарна гэж тооцоолсон байсан. Гэхдээ нутгийн дэвжээ аргагүй өөр байдаг юм билээ. Миний хожигдсон Солонгосын тамирчин 1995 оных юм билээ. Өөрөөсөө гурван насаар дүү хүүхдэд хожигдсондоо бага зэрэг гутарсан.

 

-Ойрын үед ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?

 

-Ирэх онд улсын аварга болох зорилго тавьсан. Эхлээд улсынхаа аварга болчихоод цаашид тэмцээн уралдаанд оролцоно. Тэмцээн нэгээр дуусахгүй шүү дээ. Энэ тэмцээнд итгэл хүлээлгэж оруулсан хүмүүст баярлалаа.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)