Д.Бадамхатан: Олимпын эрхээ авахын тулд гүйлтийн зайгаа солилоо
- 2015-01-20
- Спорт
- 0
Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Бадамхатантай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн сарын сүүлчээр Таиваний Яалин хотноо болсон 50, 100 км-ийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.
-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, олимпын эрхийн тэмцээнүүд болох жилээ өнгөтэй эхлүүллээ. Таныг энэ сараас бэлтгэлээ шаргуу хийж байгаа гэж сонслоо. Тэмцээнд оролцох гэж байгаа юм уу?
-Ирэх гуравдугаар сараас олон улсын тэмцээн эхэлнэ. Тиймээс бэлтгэлээ одооноос шаргуу хийж байна. Энэ тэмцээнд42 км-т гүйх бодолтой байна. Уг нь би 100 км-т гүйдэг юм.
-Гүйлтийн зайгаа яагаад сольсон юм бэ?
-Миний гүйдэг100 км олимпын циклд байдаггүй. Одоогоор байхгүй ч2020 оноос олимпын циклд орох юм билээ. Тиймээс олимпын эрх авахын тулд энэ жилээс гүйлтийн зайгаа сольж байна.
-Үүнийг дагаад таны гүйлтийн төлөвлөгөө өөрчлөгдөж байгаа байх. Ойрын зайнд танаас илүү хурд шаардах болов уу?
-Тэгнэ. 100 км-т би нэг хэмнэлтэйгээр гүйдэг байсан бол 42 км-т түүнээс илүү хурдан гүйх шаард лагатай болно. Одоо гараанаас гарахдаа л илүү хурдтай ажиллах тал дээр анхааран бэлтгэл сургуулилтаа хийж байна.
-Бэлтгэлээ хаана базааж байна вэ?
-Утаатай ч гэсэн гадаа бэлтгэлээ хийж байна. Ихэвчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Скай ресорт”-д аль болох утаанаас зайлсхийгээд л бэлтгэлээ хийдэг. Түүнээс гадна зааланд гэдэсний таталт, суниалт зэрэг хүчний бэлтгэл хийж байгаа.
-Монголын хэт холын марафон гүйлтийн тамирчид өнгөрсөн онд чансаагаа ахиуллаа. Харин таны хувьд?
-2014 онд би аз хийморьтой байсан. БНСУ-д болсон Чэжү олон улсын тэмцээнд түрүүлсэн. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос мөнгөн медаль авч, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн. Үүний дараа олон улсын хэмжээний мастерын болзол хангасан. Харин энэ жил би өөртөө итгэлтэй байна. Энэ жил тамирчдын хувьд хариуцлагатай жил болно. Бас тамирчдад өөрийнхөө ур чадварыг харуулах жил болох байх. Тиймээс аль болох боломжийг алдалгүйгээр олимпын эрх авахын төлөө тэмцээнүүддээ оролцоно доо.
-Тэмцээнд оролцох бүртээ бусад улсын тамирчдын талаар мэдээлэлтэй болдог байх?
-Ер нь тамирчид тэмцээнд оролцох бүртээ нэг зүйл сурдаг. Ажиглахад 100 км-т уралдах нь монголчуудын хувьд давуу талтай. Учир нь энэ зайнд Монгол хүн ямар тэвчээр хатуужилтай нь харагддаг юм.
-Марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр таны шөрмөс татсан ч замаа дуусгасан гэж сонссон?
-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн 95 км-т гуя зуурчихаад хөдлөхөд бэрх болсон. Тэгээд хөлөө чирч гүйсээр байгаад л барианд орсон доо. Ер нь ачаалалтай, их ядарснаас болж шөрмөс татах тохиолдол гардаг. Бас даарснаас болж шөрмөс татна.
-Хэт холын марафон гүйлтээр хэдэн жил хичээллэж байна вэ?
-Дөрөв дэх жилдээ хичээллэж байна.
-100 км гүйх амаргүй. Тэмцээний үед сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?
-Тэмцээнд явахын өмнө сэтгэл судлаач Долгор гуайн лекцэнд суудаг. Тэр лекцэнд суугаад тамирчин хүний хамгийн том өрсөлдөгч нь өөрөө гэдгийг ойлгосон. Энэ утгаараа аливаа шантрах зүйл гарсан тохиолдолд өөрийгөө сонсч, зоригжуулдаг болсон.

Сэтгэгдэл (0)