Ч.Санжаадамбын сүүлийн нэг жилийн барилдааныг шинжихүй
- 2015-01-21
- Спорт
- 0
Монгол улсын заан Ч.Санжаадамбын 2013 оны 09-р сараас 2014 оны 10-р сарын 12-н хүртэлх хугацаанд зодоглон барилдсан барилдааны үр дүнгээр судалгааны ажиглалтын арга дээр тулгуурлан статистик мэдээ ашиглан боловсрууллаа.
Өнөө цаг үед Монгол бөхийн дэвжээнд энэ зэрэгцэн өрсөлдөж буй 40-50 бөх байна. Эдгээр бөхчүүдийн дунд тэргүүлэх байр суурийг Ч.Санжаадамба эзэлнэ. Энэ тал дээр бөх сонирхогчид, бөхчүүд маргахгүй биз ээ. Залуу зааны гол өрсөлдөгч бүхий улсын цолтой бөхчүүдтэй өнгөрсөн 2013 оны 9-р сараас хойш өнөөг хүртэл хэрхэн барилдсан тухай анализ мэдээг танилцуулж байна.
Энэхүү үзүүлэлтээр Ч.Санжаадамба зааны аймгийн цолтой болон түүнээс доош цолтой бөхчүүдтэй хийсэн барилдааны тухай, барилдаан шийдэгдсэн барьц, мэхний хувилбарыг оруулаагүй болно. Харин аймгийн цолтонгуудад өвдөг шороодсон барилдааны барьц, мэхний хувилбарыг оруулав. Өөрөөр хэлбэл улсын заан цолтой өнөө цаг үеийн бөхийн өнгийг тодорхойлж яваа залуу хүчитнийг аймгийн болон түүнээс доош цолтой бөхчүүдтэй харьцуулан бичих нь төдийлэн ач холбогдол багатай гэж үзлээ. Үзүүлэлтэндээ Монгол бөхийн өргөөнд болсон барилдаан, Үндэсний их баяр наадмын барилдааны үр дүнг авч тооцсон. Ч.Санжаадамбын ӨМӨЗО-д болон хөдөө орон нутагт барилдсан барилдааны мэдээ, тэмдэглэл дутмаг байсан тул оруулж чадаагүйд билээ
Гол өрсөлдөгч улсын цолтой бөхчүүдтэй хийсэн барилдааны үзүүлэлт:
Улсын аварга-С.Мөнхбаттай 2013 оны 11 сарын 4-нд Их эзэн Чингис хааны мэлмий гийсний 851 жилийн ойн барилдааны 7-гийн даваанд түрүү байрын төлөө барилдаж элэг бүсний барьцнаас баруун талдаа өлгөж хавирах мэхний хувилбараар илүүрхэн давжээ. Ийнхүү энэ барилдаанд 2012, 2013 онуудад дараалан түрүүлээд байна.
Улсын аварга-Г.Эрхэмбаярыг 2013 оны 12 сарын 8-нд МоАХ байгуулагдсаны 24 жилийн ойн уламжлалт барилдааны 8-ын даваанд түрүү булаалдах барилдаанд баруун талдаа дотуур хавирах мэхний хувилбараар барилдаан эхлээд 8 минут өнгөрч байх үед өвдөг шороодуулан түрүүлсэн.
Улсын арслан-Н.Батсуурьтай 2014 оны 7 сарын 12-нд Ардын хувьсгалын 93-н жилийн ойн үндэсний их баяр наадмын 8-ын даваанд тунаж барилдахад Н.Батсуурь зүүн талдаа шахаж татах (дотуур хашиж хавирах) мэхээр давсан. Энэхүү барилдаан 24 минут 23 секунд үргэлжилсэн байна.
Улсын арслан-П.Бүрэнтөгсийг 2013 оны 12 сарын 8-нд МоАХ байгуулагдсаны 24 жилийн ойн уламжлалт барилдааны 7-гийн даваанд тунан барилдаж баруун талдаа мордоход нь дагуулж бусгаж мушгиад давжээ.
Улсын гарьд-Д.Рагчааг 2013 оны 12 сарын 22-нд Богдхан уулын хишиг барилдааны 8-ын даваанд түрүү байрын төлөө хүч үзэхэд Д.Рагчаа гардийг түрээд хөөхөд нь хүчийг нь дагуулж сунгаж татаад өвдөг шороодуулав. Харин 2014 оны 1 сарын 12-нд Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн барилдааны 8-ын даваанд түрүү байрын төлөөх барилдаанд Д.Рагчаагийн талаар хаялцах барьц сонгоход Д.Рагчаа баруун талдаа дотуур хашиж хавирах (шахаж татах) мэхээр давсан. Ийнхүү барилдааны харьцаа 1:1 боллоо.
Улсын гарьд-Б.Гончигдамбатай сүүлийн жил гаруй хугацаанд 4 удаа таарсан. 2013 оны 9 сарын 22-нд Монгол үндэсний бөх дэлхийн дээд амжилтын геннист бүртгүүлсний 2 жилийн ой, намрын улирлын нээлтийн барилдаанд 8-ын даваанд түрүү байрын төлөө уран мэх, хүч чадлаа сорин барилдахад баруун талаараа сугны хонхорцог, элэг бүсний барьцнаас гуд татаж цээжин дороо хийгээд урагш нь хөнтөрч татаад өвдөглүүлсэн байна. 2013 оны 11 сарын 4-нд Их эзэн Чингис хааны мэлмий гийсний 851 жилийн ойн барилдааны 5-ын даваанд тунан барилдаж баруун талдаа өлгөж хавирах мэхээрээ давжээ. 2013 оны 12 сарын 8-нд МоАХ байгуулагдсаны 24 жилийн ойн уламжлалт барилдааны 6-гийн даваанд мөн л тунан барилдаад бярдаж мушгиад хаяжээ. Үүнээс хойш 2014 оны 7 сарын 12-нд Ардын хувьсгалын 93-н жилийн ойн үндэсний их баяр наадмын 7-гийн даваанд тунаж баруун талаараа шуудагдсан барьцнаас Б.Гончигдамба зүүн талдаа дутуу мордоход нь Ч.Санжаадамба биеэ суллан тогтож эргээд ойролцоо газардсан боловч “зааныг сүүлдэж газардсан” хэмээн хөлийн цэцийн шийдвэрээр Ч.Санжаадамбыг давуулсан байна. Тэд наадмын 7-гийн даваанд 27 минут 10 секунд барилдсан. Ийнхүү 2013.09 сараас хойш 2014.10.12-н хүртэлх хугацаанд 4 удаа таарч хүч үзэхдээ бүгдэд нь Ч.Санжаадамба давсан байна. Хоёр “Дамба”-ын өрсөлдөөн цаашид ч олон жил үргэлжлэх болно.
Улсын заан-Б.Батмөнхийг 2013 оны 11 сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхагласны 89 жилийн ойн уламжлалт барилдааны 8-ын даваанд түрүү булаалдан хүч үзэхэд баруун талдаа нааж хавирах дархан мэхээрээ давж түрүүлсэн байна.
Улсын харцага-Ө.Бат-Оршихтой 2013 оны 11 сарын 4-нд Их эзэн Чингис хааны мэлмий гийсний 851 жилийн ойн барилдааны 6-гийн даваанд тунан барилдахад заан баруун золгосон барьцнаас хүчтэй гуд татаад төвөггүй өвдөг шороодуулсан. Энэ нь барилдааны ур чадвар илт илүү байгааг харуулсан барилдаан болсон.
Улсын харцага-Т.Өсөх-Ирээдүйг 2013 оны 12 сарын 22-нд Богдхан уулын хишиг барилдааны 5-ын даваанд 3 бөхөөс амлан барилдаад ардаа алдан тэнцвэр алдсан ч бярны илүүгээр барьцыг нь тавиулж эргээд зөрүүлж баруун талдаа тахимдах мэх хийж хаясан билээ.
Улсын харцага-А.Цацабширыг 2013 оны 11 сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхагласны 89 жилийн ойн уламжлалт барилдааны 6-гийн даваанд сэнжигний барьцнаас гуд татаад, 5-ын даваанд А.Бямбажавын баруун хөлийг нь авч цацаад тус бүр нэг удаа таарч төвөггүй өвдөг шороодуулжээ.
Улсын харцага-Ц.Содномдортой сүүлийн жил гаруй хугацаанд бөхийн өргөөнд болсон барилдаанд 2 удаа таарсан. 2013 оны 10 сарын 27-нд ДЦС-4 ТӨК-ийн 30 жилийн ой, Монгол улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны 7-гийн даваанд тунан барилдахад харцага Ц.Содномдорж зааны зүүн хөлийг нь авч тун уран хувилбараар дэрлэх мэх хийж давсан байна. Харин 2013 оны 11 сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхагласны 89 жилийн ойн уламжлалт барилдааны 7-ын даваанд тунан барилдахад баруун талаараа золгож харцагдаж түрээд баруун талдаа даацтай татаж хавирах мэхээр илүүрхэн хаясан байна. Ийнхүү залуу хүчитнүүдийн харьцаа энэ улиралд 1:1 харьцаатай болов.
Улсын харцага-Б.Пүрэвсайхантай сүүлийн жил гаруй хугацаанд 4 удаа таарсан. 2013 оны 10 сарын 12-нд Монгол улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан Эрдэнэт хотод зохиогдоход 7-гийн даваанд түрүү байрын төлөө хүч үзэхэд Ч.Санжаадамба баруун талдаа хавирах мэхээрээ давсан. Түүний дараахан 2013 оны 11 сарын 2-нд Архангай аймгийн Хайрхан сумын 90-н жилийн ойн нэрэмжит барилдааны 8-ын даваанд түрүү булаалдахад Ч.Санжаадамба баруун золгосон барьцнаас Б.Пүрэвсайханы толгойг нь уураглаж дараад урагш нь бярдаж гуд татаад хаясан байна. 2013 оны 12 сарын 8-нд МоАХ байгуулагдсаны 24 жилийн ойн уламжлалт барилдааны 4-ийн даваанд оноолтоор таарахад баруун талдаа араар нь хашиж мордох мэхээр илт илүүрхэн Ч.Санжаадамба давжээ. Харин 2013 оны 12 сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны түүхт 102 жилийн ой, Монгол улсын ерөнхийлөгчийн шилжин явах цомын төлөөх шилдэг 128 бөхийн барилдааны 4-ийн даваанд оноолтоор таарахад баруун талаараа золгож дан шуудагдсан барьцнаас Ч.Санжаадамба бяралхаад түрээд хөөхөд нь Б.Пүрэвсайхан баруун талдаа хүчийг нь дагуулж бусгаж зайлах мэхээр давсан билээ. Энэхүү барилдаанд залуу харцага маань у.н-Т.Баасанхүү, у.ар-Х.Мөнхбаатар, у.ав-Г.Эрхэмбаяр нарыг өвдөг шороодуулан түрүүлсэн билээ. Ийнхүү залуу заан, харцага хоёрын барилдааны харьцаа 3:1 болсон.
Улсын харцага-Н.Түвшинбаярыг 2014 оны 7 сарын 12-нд Ардын хувьсгалын 93-н жилийн ойн үндэсний их баяр наадмын 5-ын даваанд амлан авч 24 минут 14 секунд барилдаад баруун талаараа золгож шуудагдсан барьцнаас баруун талдаа нааж хавирах мэхээрээ давсан билээ. Энэхүү барилдаан дээр Ч.Санжаадамба өөрийн гол ясны бярны илүүг ашиглаж давсан юм.
Улсын харцага-Э.Оюунболдыг 2014 оны 1 сарын 12-нд Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн барилдааны 7-гийн даваанд тунан барилдахад Ч.Санжаадамба зүүн сэнжигний барьцнаас дугтарч татаад хаяж байв. 2014 оны 1 сарын 30-нд Модон морин жилийн цагаан сарын барилдааны 6-ын даваанд Ч.Санжаадамба залуу харцага Э.Оюунболдыг баруун золгосон барьцнаас баруун талдаа хагалж хавирах мэхээр 2 дахь удаагаа давсан.
Улсын начин-Ж.Чулуунбаттай сүүлийн жил гаруй хугацаанд бөхийн өргөөнд болсон барилдаанд 2 удаа таарч давсан. 2013 оны 12 сарын 8-нд МоАХ байгуулагдсаны 24 жилийн ойн уламжлалт барилдааны 5-ын даваанд тунан барилдаж баруун талдаа хутгах мэхээр, 2013 оны 12 сарын 22-нд Богдхан уулын хишиг барилдааны 7-гийн даваанд баруун талаараа золгон шуудагдсан барьцнаас мөн л баруун талдаа хутгах мэхээр давжээ.
Улсын начин-Д.Батбаярыг 2013 оны 10 сарын 27-нд ДЦС-4 ТӨК-ийн 30 жилийн ой, Монгол улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны 6-гийн даваанд баруун талдаа өлгөж хавирах мэхээр давсан бол 2014 оны 2 сарын 16-нд Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 5-ын даваанд Ч.Санжаадамба амлан барилдаад хашир начины зүүн талдаа нааж этэх мэхэнд нь тахим буулгажээ. Ийнхүү заан, начин хоёрын барилдааны харьцаа 1:1 болсон билээ.
Улсын начин-Б.Амарзаяаг 2013 оны 11 сарын 4-нд Их эзэн Чингис хааны мэлмий гийсний 851 жилийн ойн барилдааны 4-ийн даваанд оноолтоор таарч баруун талдаа даацтай тахимдан хөөж тогтоход нь давхар хамах мэхээр илүүрхэн хаясан байна. 2014 оны 1 сарын 30-нд Модон морин жилийн цагаан сарын барилдааны 5-ын даваанд Ч.Санжаадамба залуу начинг амлан барилдаад баруун талд нь хонгодож түрээд 2 дахь удаагаа давсан. 2014 оны 10 сарын 12-нд Баянзүрх хайрханы хишиг барилдааны 6-гийн даваанд Ч.Санжаадамба заан өндөр начинг амлан авч барилдсан боловч Б.Амарзаяа баруун талдаа даацтай давхар тохох мэхээр давжээ. Ийнхүү 2013.09 сараас хойш 2014.10.12-н хүртэлх хугацаанд заан, начин хоёрын барилдааны харьцаа 2:1 болсон.
Улсын начин-Ц.Одбаярт 2014 оны 4 сарын 20-нд Монгол улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 4-ийн даваанд оноолтоор таарч өвдөг шороодов. Ц.Одбаяр начин зааны баруун гарыг нь таллаж татаад ард нь гарч өргөөд хаясан байна.
Улсын начин-Б.Бадамсүрэнг 2014 оны 7 сарын 12-нд Ардын хувьсгалын 93-н жилийн ойн үндэсний их баяр наадмын 6-гийн даваанд амлан авч 20 минут 29 секунд барилдаад баруун суганд нь сэжиж түрээд давсан.
Үүнээс гадна 2013.09 сараас хойш 2014.10.12-н хүртэлх хугацаанд У.н-П.Ганхүүг баруун талдаа мушгиад, Л.Гантулгын баруун хөлийг нь авч цацаад, Б.Цогбаярын ард нь гарч түрээд, Т.Баасанхүүг баруун талдаа мордох мэхээр тус бүр нэг удаа таарч давсан байна.

Улсын цолгүй бөхчүүдэд өвдөг шороодсон үзүүлэлт:
1. Аймгийн арслан-О.Хангайд 2014 оны 1 сарын 30-нд Модон морин жилийн цагаан сарын барилдааны 7-гийн даваанд тунан барилдаад Ч.Санжаадамба баруун талдаа хий хавирахад нь О.Хангай зөрүүлж мушгиад давсан барилдааныг та бүхэн санаж байгаа биз ээ. Энэхүү барилдаанаас хойш 2014 оны 3 сарын 24-нд Монгол улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны 7-гийн даваанд тунан барилдаад Ч.Санжаадамба баруун талаараа золгосон барьцнаас баруун талдаа татаж хавираад давсан боловч хөлийн цэцийн шийдвэрээр “Дэвжээний захад тодорхой саад тулсан үед барилдаан боллоо” гэж үзээд дахин барилдуулах болоход Ч.Санжаадамба барилдалгүй тахимаа өгчээ.
2. Аймгийн начин-П.Даваадоржид 2014 оны 3 сарын 16-нд Монгол улсын зэвсэгт хүчний 93 жилийн ойн уламжлалт барилдааны 2-ын даваанд оноолтоор таарч барилдахад Ч.Санжаадамба заан түрж хөөж яваад гишгэгдэл алдахад нь аймгийн начин П.Даваадорж тосгуулж хавираад өвдөг шороодуулжээ. П.Даваадорж нь Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол улсын гарди И.Доржсамбуу, улсын начин И.Ёндонсамбуу нарын удмын бөх билээ.
Дүгнэлт
Тэрээр 1985 оны 12-р сарын 30-нд Архангай аймгийн Хашаат суманд мэндэлсэн. Өдгөө 29 настай. 2002 онд сумын заан, 2006 онд аймгийн начин, 2008 онд цэргийн арслан, 2011 онд улсын заан цол хүртсэн. Үндэсний их баяр наадамд 2013 онд тав давж шөвгөрсөн бол 2014 онд долоо давж заан цолоо баталсан.
Ч.Санжаадамба заан 2013 оны 9-р сараас хойш 2014 оны 10-р сарын 12-н хүртэл улс, аймгийн алдар цолтой бөхчүүд оролцсон 17 барилдаанд зодоглов. Нийтдээ барилдааны чадавхийг тооцож үзвэл 134 (100%)барилдаан хийх ёстойгоос 112 (83.6%) барилдаан хийж 102 даваа авч 10 удаа (У.ар-Н.Батсуурьт 1, у.г-Д.Рагчаад 1, у.х-Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан нарт тус бүр 1, у.н-Ду.Батбаяр, Б.Амарзаяа, Ц.Одбаяр нарт тус бүр 1, А.а-О.Хангайд 2, а.н-П.Даваадоржид 1) өвдөг шороодсон байна. Барилдааны цэвэр амжилтыг тооцохдоо нийт давааны тоог барилдааны чадавхийн дээд тоотой нь харьцуулж гаргахад 76.1%-ийн амжилттай байна. Дээрх хугацаанд нийтдээ энэ хугацаанд 7-н түрүү, 1 үзүүр, 4-н удаа их шөвөгт шалгарав. Энэ хугацаанд дунд шөвөгт болон бага шөвөгт шалгараагүй байна.
Түүнийг МУ-ын хурц арслан Ц.Бадамсэрээжид гуай “Хаалттай бөх” гэж тодорхойлсон. Энэ нь сэтгэлзүйн ачаалал даах чадвар төлөвшөөгүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хэт их сэтгэлзүйн ачааллыг ард түмэн тухайн хүн дээр үүрүүлж байна гэсэн үг. Энэ нь жирийн барилдаан, наадмын барилдааны үр дүнгийн ялгаатай байдлаар илэрсэн. Цаг хугацаа түүний сэтгэлзүйн төлөвшлийг цаашдаа хангалттай ачаалал даах хэмжээнд хүргэх болно. Түүнд ойрын 5-7 жилийн хугацаанд төрийн наадамд 2-3 удаа түрүүлэх боломж бий. Байгаль, газарзүйн хүчин зүйл түүнд эерэгээр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл уур амьсгалын хувьд Монгол бөхчүүд, тамирчид олноор төрсөн бүс нутагт тэрээр мэндэлсэн. Усан хангамж, түүний найрлага (эрдэсжилт, хатуулаг) нь хүний биед эерэг нөлөө үзүүлж буй бүс нутагт өссөн. Малын гаралтай бүтээгдэхүүн ялангуяа айрагны тархалт, чанар өндөртэй бүсэд, далайн түвшнээс дээш 1300-1500м өндөрлөг газарт түүний төрж, өссөн нутаг байрлаж байна.
Тэрээр хөл авах, гуд татах болон баруун талаараа золгосон барьцнаас баруун талдаа нааж хавирах, өлгөж хавирах, хутгах, давхар тохох, ачих, мордох зэрэг мэхийг голчлон хийдэг бол шуудагны лав барьцнаас түлхэх, мордох, (түрж хөөх, сэжиж түрэх), мурих, хутгах зэрэг мэхийг хийж байна. Гол төлөв өрсөлдөгч бөхөө бяраар илүүрхэж барилддаг, бусад өрсөлдөгч нарынхаа барилдааны хэлбэр, биеийн хэмжээ, барилдааны арга барил зэрэгт тохируулан барилддаг, монгол бөхийн барилдааны баруун талтай бололтой.
Бэлтгэсэн: Э.Алтанболд
Эх сурвалж: Ssport.mn

Сэтгэгдэл (3)
Зочин (202.21.112.194)
3 хоногт л 500 $ -ын ажил үнэн шүү. Мөнгө олж болох хялбар аргуудын нэг. Зөвхөн интернэтэд холбогддог байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=326764 линкээр ороод бүртгүүл. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Para gram Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300 аас 10000 долларт хүрэх боломжтой. . Энэ нь хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм Жич:. Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана 3 хоногт л 500 $ -ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй
(172.56.39.216)
Naad teneg chin tiim surhii um bol Naadamd yagaad turuulj chaddaggui um hezeech turuulj shadahgui
(172.56.39.216)
Naad teneg chin tiim surhii um bol Naadamd yagaad turuulj chaddaggui um hezeech turuulj shadahgui