Э.Бэхбаяр хүрэл медаль хүртэв
- 2015-03-09
- Спорт
- 0
Беларусь улсын Минск хотод чөлөөт бөхийн олон улсын ХIҮ дэх Гран-При тэмцээн боллоо. Тэмцээнд Англи, АНУ, Аргентин, Армян, Беларусь, Гүрж, Египет, Иран, Итали, Киргиз, Казахстан, Колумб, Латви, Литов, Молдав, Монгол, Украин, Франц, Япон зэрэг 24 24 орны 350 орчим бөх өрсөлдсөн байна. Тус тэмцээний 57 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт Оросын бөх Ибрагим Хасиевийг 10:0, хоёрдугаар тойрогт мөн Оросын Артём Гебековыг 8:7-оор ялж, хагас шигшээ барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт Владислав Андреевт 2:3-аар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд Америкийн бөх Франк Пиреллийг 10:1-ээр ялсан байна. Мөн жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар Б.Хаш-Эрдэнэ нар эхний даваандаа Орос, Гүржийн бөхөд ялагджээ. 65 кг-ын жинд хүч үзсэн Гавьяат тамирчин Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт Оросын бөх Рашитников Сурког ялсан бол хоёрдугаар тойрогт Оросын бөх, Европын аварга Магомед Курбаналиевт 0:12-оор дийлджээ. Харин тэрбээр дагах барилдаанд Италийн бөх Франко Чамизог 9:3-аар ялсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд Беларуссын бөх Александр Контоевт1:6 онооны харьцаагаар хожигджээ. 97 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт Америкийн бөх Давид Зарбискид ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлжээ. 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Номин нэгдүгээр тойрогт оросын бөх Василий Стручковтой, олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр Казахстаны бөх Нурлан Турлантай, олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа Казахстаны бөх Батикан Шакраевтай, Гавьяат тамирчин Э.Ням-Очир Казахстаны бөх Елдос Абикеновтой, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатар Аргентиний бөх Рикардо Баезтэй, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн Оросын бөх Владислав Валеевтай, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат Гүржийн бөх, олимпын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Давид Мозанашвилитай барилдахаар болжээ.
Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл (0)