Д.Батнасан: Залуу хөлбөмбөгчид баг шиг баг бүрдүүлсэн

Монголын хөлбөмбөгийн залуучуудын шигшээ багийнхан өчигдөр Лаос улсыг зорилоо. Тэд Катар улсад2016 онд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцохоор хилийн дээс алхаж буй нь энэ. Залуучуудын шигшээ багийг “Эрчим” клубийн Д.Батнасан дасгалжуулж байгаа юм. Шигшээ багийнхан Лоасыг зорихоос өмнө “Эрчим” клубийн хөлбөмбөгчидтэй нөхөрсөг тоглолт хийсэн. Тус тоглолтын үеэр Залуучуудын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнасантай ярилцлаа.

 

-Хөлбөмбөгийн залуучуудын шигшээ багийнхан бэлтгэл сайтай байгаа нь “Эрчим” клубийнхэнтэй хийсэн нөхөрсөг тоглолтоос харагдлаа. Багийн дасгалжуулагчийн хувьд тэднийг бэлтгэлээ хэр хангасан гэж үзэж байна вэ?

 

-Залуучуудын шигшээ багийнхан хоёр сар гаруй хугацаанд бэлтгэл сургуулилт хийлээ. Ерөнхийдөө бэлтгэл сургуулилт бүрэн хангасан гэж ойлгож болно.

 

-Залуучуудын үндэсний шигшээ баг 40 тамирчинтай байсан. Одоо байгаа бүрэлдэхүүнээ танилцуулна уу?

 

-Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтод тэднээс 23 тамирчинг сонгон авсан. Хамгийн ирээдүйтэй, өсч яваа 23 тоглогчийг сонгосон. Баг маань нэлээд нягт бэлтгэл сургуулилт хийлээ. Баг шиг баг болсон гэж дасгалжуулагчийн хувьд үзэж байгаа.

 

-Багийн тоглолтыг удирдан чиглүүлдэг хүний нэг нь ахлагч байдаг. Залуучуудын шигшээ багийн ахлагчаар хэнийг нэрлэв?

 

-Хаалгач Мөнхболд гэж залуу бий. “Сэлэнгэпресс” клубийн хаалгачаар тоглодог.

 

-Энэ удаагийн тоглолтод манай хөлбөмбөгчид тэмцээний аль хэсэгт багтсан бэ?

 

-Тэмцээний “J” хэсэгт Хятад, Лаос, Сингапурын багтай тоглохоор болсон. Эхний тоглолт энэ сарын 27-нд Хятад, 29-нд Сингапур, Лаосын багтай тоглоно. Хэсгээс хоёр баг дараагийн шатанд тоглох эрх авна. Тиймээс хариуцлагатай, хүнд тоглолтууд болно гэж харж байгаа. Одоогийн байдлаар Лаост+40 хэм байгаа гэсэн. Тиймээс тамирчдынхаа сэтгэл зүйг ихээхэн анхаарч байна. Ер нь өнгөрсөн өвлөөс хойш тамирчдын сэтгэл зүйд нэлээд анхаарал хандуулсан. Дасгалжуулагчид нь чадлын хэрээр сэтгэл зүйн бэлтгэл хийлгэж байна.

 

-Талбайн эзэн багтай нэг хэсэгт таарчээ. Тоглох багуудынхаа тоглолтыг судалсан уу?

 

-Бид Лаосын өнгөрсөн оны23 хүртэлх насны шигшээ багийн тоглолтыг харсан. Гэхдээ өнгөрсөн оны баг бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ удаад тоглох эсэхийг мэдэхгүй учраас бүрэн судалсан гэж хэлэхгүй. Ер нь Лаосын шигшээ багийн тоглолтын систем, тамирчдын ур чадварын хувьд харьцуулсан судалгаа хийсэн. Харин Сингапур, Хятадын хөлбөмбөгийн залуучуудын шигшээ багийн тоглолтыг интернэтээс хайгаад олдохгүй байна.

 

-Тамирчдын хувцас хэрэглэлийг шинэчилсэн. Энэ нь тэдний сэтгэл зүйд нөлөөлөх байх?

 

-Хөлбөмбөгийн холбооноос шигшээ багуудын хувцас, хэрэглэлд ихээхэн анхаарч ажиллаж байгаа. “Adidas”-ын гэрээт борлуулагч компанитай ярилцсаны үндсэн дээр бидэнд иж бүрэн хувцас хэрэглэл өгсөн. Залуучууд маань өмсч байгаа хувцас хэрэглэлдээ сэтгэл ханамжтай байгаа нь тоглолтод тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж бодож байна. Гэхдээ бид залуустаа хувцсаар тоглодоггүй, биеэрээ, толгойгоороо хөлбөмбөг тоглодгийг хэлдэг. Мөн бидэнд анхаарал хандуулж байгаагийн хэрээр сайн тоглох ёстойг сануулж байгаа. Тийм болохоор залуус маань урам зоригтой тоглох байх. Шигшээ багийнхан маань цалин урамшуулал авдаг боллоо. Бас бид Олимпын хорооны дэргэдэх Спортын анагаахын төвд сар гаруй хугацаанд байрлаж байна. Энэ хугацаанд гаргасан бүх зардлыг Хөлбөмбөгийн холбооноос гаргасан. Энэ удаагийн тоглолтыг SBS телевиз шууд дамжуулахаар болсон. Энэ нь Монголын хөлбөмбөгийн түүхэнд тэмцээнийг шууд дамжуулж байгаа анхны тохиолдол байх. Тиймээс бид хүмүүсийн итгэл найдварыг алдахгүйн төлөө хичээх болно.

 

-Үндэсний шигшээ багийнхан маань Зүүн Тиморын хөлбөмбөгчидтэй сайн тоглосон хэдий ч хүссэн амжилтдаа хүрсэнгүй. Тиймээс хөлбөмбөгийн фанатууд залуучуудын шигшээ багийнхнаас их зүйлийг хүлээж байгаа болов уу?

 

-Бид энэ талаар ярилцсан. Гэхдээ үндэсний шигшээ баг ялагдсан гээд залуус маань дарамтад орсон зүйл алга. Ер нь тэд сэтгэлийн их хөөрөлтэй байгаа. “Үндэсний шигшээ баг хожигдчихлоо. Ядаж бид хожчих юмсан” гэсэн сэтгэлтэй байгаа байх. Тийм учраас тэдний хөөрсөн сэтгэлийг тоглолтын өмнө намдаагаад зөвхөн шүглээс шүглийн хоорондох тоглолтдоо анхаарна. Мөн Монгол Улсын нэрийг гаргана гэсэн сэтгэлээр, бэлтгэлийн үеэр хийж байсан зүйлээ тоглолтын үеэр бүрэн гаргахын төлөө хичээх болно.

 

-Дасгалжуулагчийн хувьд үндэсний шигшээ багийн Зүүн Тиморынхонтой хийсэн тоглолтыг хараад юу гэж дүгнэсэн бэ?

 

-Дасгалжуулагч, олон жил хөлбөмбөг тоглосон хүний хувьд үндэсний шигшээ багийн тоглолтыг хараад“Эвээ олсонгүй” гэж бодсон. Мөн хоёр, гурван шугам маань нэлээд тасарч тоглолоо, довтолгооны шугам, хамгаалалтын шугам нэг нэгнээ нөхөж чадахгүй байсан. Түүнд олон хоног онгоцоор нисч ирсэн болон цаг агаарын өөрчлөлт нөлөөлсөн байх. Гэхдээ тамирчин хүн тэр болгоныг тэсч гарах ёстой. Бүх хүчээ шавхах ёстой. Мөн тамирчид маань сэтгэл зүйн бэлтгэл дутуу байв уу гэж санагдсан. Өөрийн талбайдаа хожигдоход өмнөх тоглолтын үр дүн нөлөөлөв үү гэж харж байлаа. Би үндэсний шигшээ багийнхны Зүүн Тиморт хийсэн тоглолтыг үзсэн. Монголд болсон хариу тоглолтод манай хөлбөмбөгчид өмнөх тоглолтоосоо илүү тоглосон ч хүссэн амжилтдаа хүрч чадсангүй. Хөлбөмбөгийн талбай дээр байгаа тамирчид нэг хүн шиг тоглож байж хождог. Нэг хамт олон болох баг болох тал дээр нэлээд дутмаг байв уу гэж бодож байлаа. Тоглолтын үед нэг нэгнээ ойлгохгүй байна. Тийм учраас миний хувьд тамирчид нэг нэгэнтэйгээ ойлголцож чадаагүйгээс ийм үр дүнд хүрлээ гэж дүгнэсэн.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.55.180.155)

    2015-03-24

    Та нар зүгээр битгий худлаа бүлт үсрээд байгаач. Юу ч болоогүй байхад л алаад өгнөө гээд худлаа яриад байх юмаа. Эхний баг Хятадын хүчирхэг баг. Энэ багыг яаж хожих вэ гэдэгт л толгой чинь гашлаад завгүй явж баймаар юм. Английн том багууд тоглолтын өмнө ингэж бүлт үсэрдэггүй юм. Харин тоглолтын дараа бол янз бүрийн юм ярьж болно шүү дээ. Амаа татаж яв. Даруухан бай. Битгий онгироод бай.

  • (202.21.100.210)

    2015-03-24

    Үнэн, шударга хэлж байна. Залуусдаа амжилт хүсье