Д.Нямхүү: Сүрьеэ өвчин залуужаад байгаа нь агаарын бохирдолтой холбоотой

Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тиймдээ ч энэ асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй ярилцлаа.
 

-Жил бүр энэхүү өдрийг тэмдэглэхдээ тодорхой уриалга гаргаж, энэ өвчний талаарх мэдээллийг иргэдэд хүргэдэг шүү дээ. Энэ жилийн хувьд ямар уриалга гаргаад байна вэ? 
 

-Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Ингэхдээ шийдвэр гаргагчдад болон ард иргэдэд сүрьеэгээс сэргийлэх зорилгоор тодорхой уриалга дэвшүүлж, үүний дагуу тухайн жилийн турш олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил “Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” уриатайгаар ажиллаж байна. Сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж, оношлох нь маш чухал. Оношилсон өвчтөнг эмчилж, улмаар халдварыг бусдад тараахгүй байх нь хамгийн сайн арга юм. Иргэд сүрьеэ өвчний талаар мэдлэгээ сайжруулснаар халдвараас өөрийгөө сэргийлж, өвдсөн тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэй. 
 

-Манай улсад жилд дундажаар сүрьеэгийн хэчнээн тохиолдол бүртгэгддэг вэ. Энэ өвчний тархалт хэр хурдтай явагдаж байна? 
 

-Манай улсад жил бүр 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэж, 100 мянган хүн амд 100-аас дээш тохиолдол илэрч байна. Манайх Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны нэг. Сүрьеэ нь хүн амын нас баралтын шалтгааны зургадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт орж байна. 2014 онд улсын хэмжээнд 4172 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэснээс нийт тохиолдлын 61 хувь нь Улаанбаатарт байна. Мөн энэ өвчнөөр өвчлөгсдийн 50 хувь нь ажилгүй 70 хувь нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэд тусч байгааг нотолсон. Монгол Улсад бүртгэгдэж байгаа халдварт өвчний гуравдугаарт орж байна. Нийт өвчлөлийн дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Ер нь сүрьеэ улам залуужаад байна. Манай улсад жил бүр 200 орчим олон эмэнд тэсвэртэй сүрьеэ/ОЭТС/-гийн тохиолдол бүртгэж байгаа юм. 
 

-Уг өвчин яагаад залуужаад байна вэ? 
 

-Өнгөрсөн оны судалгаанаас харахад 0-14 насны 385 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн нь нийт сүрьеэгийн 9.2 хувь, 15-44 насныхан 68.7 хувийг эзэлж байна. Эдгээр нь ид хөдөлмөрийн насныхан. Тэр дундаа эрэгтэйчүүд өвчлөх нь их байгаа. Нэгдүгээрт тамхи, архи их хэрэглэж байна. Хоёрдугаарт, эрчүүд маань гэр бүлийн гол ачааг нуруун дээрээ авч явдаг учраас хоол, нойргүй ажиллаж байна. Гуравдугаарт, манай улс харьцангуй залуучууд ихтэй. Нийгэмд залуучууд хоорондоо түлхүү харилцдаг тул өвчлөл ихэсч байгаа гэж үздэг. Нөгөө талаасаа өвчин залуужаад байгаагийн нэгэн шалтгаан нь байгаль орчин, агаарын бохирдол, тухайн хүний дархлаатай шууд холбоотой. Одоогийн байдлаар сүрьеэгээр өвчлөгсдийн 81 хувийг эдгэрүүлээд байна. 
 

-Энэ өвчинтэй тэмцэж багасгахын тулд ямар ажлыг зохион байгуулж байгаа вэ? 
 

-Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр “Глобал” сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийг 2003 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 2016 оны зургадугаар сарыг дуустал зургаан удаагийн төслийг хэрэгжүүлээд дуусах гэж байна. Үүнээс цааш төсөл бичих, мөнгө санхүүгийн дэмжлэг авах ямар ч боломжгүй. Тиймээс “Глобал” сангийн санхүүжилт дуусгавар болж байгаа учир сүрьеэгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай санхүүжилтыг улсын төсөвт тусгаж өгөх юм. Төрөөс 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байж цаашид энэ өвчинтэй тэмцэх ажиллагаа хэвийн явна. Мөн сүрьеэгийн эмчилгээг таслах, үр дүнгүй болгож эмчлүүлэхээс татгалзаж, хүн амын дунд халдвар тарааж байгаа өвчтөнийг албадан эмчилдэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх. Сүрьеэгийн салбарт ажилладаг хүний нөөцийн нийгмийн баталгааг хангаж, тогтвор суурьшилтай ажиллуулах, сүрьеэгийн тархалтыг зогсоохын тулд томоохон аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан дэмжлэг үзүүлдэг байх зэрэг зайлшгүй шаардлагатай олон зорилтыг хэрэгжүүлэх ёстой. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсролыг иргэдэд олгох, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн нягтралыг багасгаж, эрүүл ахуй, халдвар хамгааллын стандарт хангасан барилгыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн эрсдэлт хүн амын дундах сүрьеэ илрүүлэх ажлыг эрчимжүүлж эрт илрүүлж төгс эмчлэх, хавьтлыг 100 хувь хяналтад авахад онцгой анхаарч ажиллах, аймаг, дүүргүүдийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн төвүүдэд сүрьеэ хариуцсан тархвар судлаачтай болгох зорилт тавьж байна. 
 

-Сүрьеэ өвчинг урт хугацааны турш эмчилдэг. Өвчтөний стандарт эмчилгээний талаар тодруулна уу? 
 

-Сүрьеэг шинэ, олон эмэнд дасалтай маш олон эмэнд дасалтай гэж гурав хуваасан. Үүнээс шинэ сүрьеэг бид эрт илрүүлж, горимын дагуу зургаан сарын дотор 150 мянган төгрөгийн өртөгтэйгөөр эмчилж, бүрэн эдгэрүүлбэл энэ өвчний тохиолдол буурна. Үүнд зөвхөн эмчлэгч эмч болон хувь хүн, өвчтний үүрэг хариуцлага маш өндөр байх хэрэгтэй. Зааврын дагуу эмийг цаг тухайд нь уухгүй тасалбал олон эмэнд дасалтай болно. Энэ нь сүрьеэ өвчин улам хүндэрч байна гэсэн үг. Эмэнд мэдрэг сүрьеэгийн хувьд эмчилгээний горим нь тасралтгүй 6-8 сарын хугацаанд өдөр бүр харьяа аймаг, дүүргийн Сүрьеэгийн диспансер, өрхийн эмчийн хяналтад эмээ ууж эмчлүүлэх ба нэг өвчтөний эмчилгээний зардал нь ойролцоогоор 20-30 ам.доллар байдаг. Харин олон эмийн дасалтай сүрьеэгийн хувьд тасралтгүй 24 сар өдөр бүр эмчийн хяналтад эмээ уух, үүнээс 3-5 сар нь Халдварт өвчин судлалын үндэсний төв / ХӨСҮТ/-ийн Сүрьеэгийн клиник, Энэрэл эмнэлэг, аймгуудын нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг, Хорих ангийн сүрьеэгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг бөгөөд нэг өвчтөний эмчилгээний зардал нь ойролцоогоор 6000 орчим ам.доллар байдаг. Иймээс олон эмийн дасалтай сүрьеэгийн эмчилгээний зардал нь хувь хүн болон улс орны эдийн засагт дарамт учруулдаг. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үйлсэд манай улсын бүх төрийн болон төрийн бус байгууллагууд, компани, аж ахуйн нэгж, хамт олон, иргэдийг эрүүл мэндийн салбарынхантай хамтран ажиллахыг уриалж байна. 
 

-Сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад тулгамдаж буй асуудал юу байна. Эмч ажилчдын ажлын байрны аюулгүй байдал хангамж муугаас хоёр эмч тус өвчнөөр нас барсан гэсэн мэдээлэл гарч байсан? 
 

-Гол асуудал нь хүний нөөц байдаг. Сүрьеэгийн эмнэлэгт ажиллаж буй эмч, сувилагч, лаборант бусад ажилчдын нийгмийн болон халдвар хамгааллын асуудлыг цогц шийдвэрлэх шаардлагатай. Харамсалтай нь, аль ч салбарт, халдвараар өвчилсөн иргэд, тэр байтугай сүрьеэтэй тэмцэж тархалтыг зогсоох эмч, мэргэжилтнийг тэр бүр ойлгож, дэмждэггүй. Харин ч ялгаварлан гадуурхах тохиолдол гардаг. ХӨСҮТ-д олон эмэнд дасалтай сүрьеэгийн ердөө 60 ор, хүүхдийн, мэс заслын тус бүр 30 ор, эмэнд мэдрэг сүрьеэгийн 60 ор байдаг. Энэ нөхцөлд Улаанбаатарын 1.2 сая иргэн, мөн хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлэхэд ачаалал маш ихээр үүсдэг. Манайд шинэ залуу эмч нар орж ажиллах нь ховор. Үүнд засаг, төрийн бодлого хэрэгтэй. Яагаад гэвэл сүрьеэгийн эмч нарын цалинг бусдынхаас илүү байлгавал энэ салбарт ажиллах хүн хүч нэмэгдэнэ. Түүнчлэн эмч нарын мэдлэг туршлагыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, семинарт төрөөс зардлыг даагаад явуулах, багаж хэрэгслээс эхлүүлээд анхаарах шаардлагатай байгаа юм. Бидний ажиллаж буй ажлын байр халдвартай хүнд орчин. Гэвч бид өргөсөн тангарагынхаа төлөө л ажиллаж байна. Сүрьеэг хожуу оношилдог тул хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн тоо олон байна. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн Дамбадаржаад амьдардаг хүн сүрьеэгийн эмээ уух гэж Зуун айлд байгаа дүүргийнхээ амбулаторийг өдөр бүр зорих тун хүндрэлтэй. Улаанбаатарын захын дүүргүүдийн гэр хороолол дунд сүрьеэгийн үзлэг оношилгооны төвийг нэмж байгуулах замаар төвлөрлийг бууруулан иргэдийг энэ өвчний урьдчилсан үзлэгт идэвхтэй тогтмол хамруулахад анхаарч ажиллах хэрэгтэй. Нийслэлчүүдийг хотын гудамжинд нус цэрээ хаядаггүй, олон нийтийн газар амны хаалттай ханиаж найтаах соёлд хэвшүүлэх нь нэн тэргүүний асуудал юм.
 

Ц.ЗАЯА
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (112.72.13.136)

    2015-03-25

    myamhuu novsoo emnelgiinhee hashag nuraagaachee, chinii bariulj luivar hiisen bairand amidragchd gudajnii mahind dairuulchih geed hetsuu bn, piyazda hulghaichaa

  • www.golmedee.mn (202.21.106.143)

    2015-03-25

    www.golmedee.mn