Энэ өдөр төрсөн спортын алдартан: цуврал
- 2015-04-03
- Спорт
- 0
1949 оны 4 сарын 3-ний энэ өдөр Олимпийн 3 удаагийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын 5 удаагийн алтан медальт, Европын 5 удаагийн аварга Болгарын сонгомол бөхийн нэрт тамирчин Александр Томов мэндэлжээ.
1949 онд Болгарын баруун өмнөд нутгийн Благоевградский мужийн Склаве тосгонд төрсөн. Тэрээр дунд сургуульд суралцаж байхдаа бөхийн спортоор хичээллэж эхэлсэн байна. “Левски Спартак” нийгэмлэгт Веселин Мариновын удирдлага дор хичээллэж байжээ.
19 настайдаа тэр анхны ОУ-ын тэмцээндээ оролцож амжилт гаргасан юм. 1968 онд зохиогдсон Балканы орнуудын спортын наадамд алтан медаль хүртсэн. Энэ нь түүний их амжилтынх нь эхлэл болсон юм. А.Томов бол Дэлхийн аваргад 5 удаа түрүүлсэн бол Европын Аваргад мөн тооны адил түрүүлсэн байдаг. Гэвч түүний хувьд Олимпийн аварга аз дутсан юм. Олимпийн наадамд 3 удаа мөнгөн медаль хүртсэн юм. 1972 оны Мюнхэний Олимпийн наадамд Олимпийн алт, хошой мөнгөн медальт Зөвлөлтийн Анатолий Рощинд ялагдаж мөнгөн медаль хүртсэн бол 1976 оны Монерал, 1980 оны Москвагийн Олимпийн наадамд Зөвлөлтийн бөх Олимпийн хошой аварга Александр Колчинськийд ялагдаж мөнгөн медаль хүртсэн байна. Харин ДАШТ-нд 5 жил аваргын алтан медалийг хүртсэн юм. 1971 онд дараа жил нь Олимпийн дэвжээнд ялагдсан А.Рощиныг ялж анх удаа дэлхийн аварга цолыг хүртсэн юм. 1971, 1973, 1974, 1975, 1979 оны Дэлхийн аваргад 5 удаа аваргын алтан медаль хүртсэн юм. 1975, 1979 оны Дэлхийн аваргад тэр Зөвлөлтийн бөх Олимпийн хошой аварга А.КОлчинськийг ялж алтан медаль хүртсэн. А.Томовын хувьд Зөвлөлтийн бөх А.Рощид, А.Колчинський нартай хүчтэй өрсөлдөж байсан байна. Харин Европын АШТ-нд 5 удаа алтан медаль, 2 мөнгө, 1 хүрэл медалийг тус тус хүртсэн.
А.Томовд Дэлхийн аварга, Европын аваргын алт байгаа ч Олимпийн аварга болох аз дутсан. Дэлхийн аваргын дэвжээнд ялж байсан өрсөлдөгч нартаа Олимпийн дэвжээнд ялагдаж байсан нь харамсалтай. Гэхдээ тэр Олимпийн дэвжээнд 3 удаа дэд байранд шалгарсан нь тамирчин бүрийн хүрч чадах оргил биш юм.
Өдгөө тэр Болгарын бөхийн холбооны хүндэт гишүүн бөгөөд мөн Дэлхийн Бөхийн Нэгдсэн Төрлүүдийн Холбооны “Алдарын танхим”-нд нэр нь мөнхөрчээ.
Б.Санчир
Ssport.mn

Сэтгэгдэл (0)