Ц.Цэвэрбал: 10 гаруй жил хуралдаагүй Их хурлыг хуралдуулах цаг нь болсон

Сүүлийн үед монголчууд сагсан бөмбөгийн спортод амжилт гаргаж, Азийн шилдэг наймд шалгараад байгаа. Гэвч дотооддоо асуудалтай буюу энэ спорт хоёр холбоонд хуваагдаад байгаа билээ. Ахмад сагсчид болон шүүгчдийн төлөөлөл нэгдэж энэ талаархи байр сууриа өчигдөр илэрхийлсэн юм. Энэ үеэр ахмад тамирчин, дасгалжуулагч Ц.Цэвэрбалаас дараахь тодруулгыг авлаа.

 

-Ахмад сагсчид Монголын сагсан бөмбөгийн холбооны Их хурлыг хуралдуулах шаардлага тавьж байгаа юм байна. Хэзээнээс хойш хуралдаагүй байгаа юм бэ?

 

-Шаардлага гэхээсээ хүсэлт, нийгмийн захиалга гэвэл ононо. Үндсэндээ сүүлийн 10 жил гаруй Монголын сагсан бөмбөгийн холбоо хуралдсангүй. Үр дүнд нь олон асуудал хуримтлагдсан байна.

 

-Жишээлбэл?

 

-Жишээ нь, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэхгүй бол нэг, хоёрхон хүн энэ холбоог төлөөлөөд аваад явдаг цаг өнгөрсөн байна. Манай сагсчдын ур чадвар өсч, Азийн шилдэг наймд хүртэл багтлаа. Бүр эрэгтэй, эмэгтэй төрлөөрөө Азийн шилдэг наймд багтлаа. Залуучууд ч сайн тоглож эхэллээ. Ирээдүй нь ч өөдрөг байна. Дотооддоо бол энэ спортыг сонирхогчдын тоо илт өслөө. Ийм байхад Их хурлаа хуралдуулж, бүтэц зохион байгуулалт, бусад асуудлаа шийдэхгүй бол өндийгөөд ирсэн спортоо шаварт хутгачих гээд байна. Тиймээс л өнөөдөр ахмад сагсчид нэгдэж дуу хоолойгоо Монголын сагсан бөмбөгийн холбооныхонд хүргүүлж байгаа юм.

 

-МСБХ-ны Ерөнхийлөгч нь Тамир гэж хүн байна уу. Эсвэл өөр хүн байдаг юм уу. Та нар яг хэнд саналаа хаяглаж байгаа юм бэ?

 

-МСБХ-ны Ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил гэж хүн бий. Ямартай ч цаасан дээрх албан ёсны бичиг баримтад тэр хүний нэр байдаг. Ер нь энэ том спортыг удирдаж залах хүний асуудлыг хадаг барьж, “тэрэнд, энэнд шилжүүллээ” гэх маягаар явж ирсэн нь өнөөдрийн хямралт байдалд хүргэсэн. Албан ёсоор бол өнөөдөр Тамир ч, Ганхуяг ч холбооны Ерөнхийлөгч биш шүү дээ. Гэрчилгээн дээрээ Ц.Мөнх-Оргил гэдэг хүний нэр бичээтэй байгаа. Тийм учраас бид тэр хүнд хандаж 10 гаруй жил хуралдаагүй байгаа Их хурлаа хуралдуулаач ээ, бүтэц зохион байгуулалтаа орчин үед, сагсан бөмбөгийн хөгжилд нь нийцүүлж өөрчлөөч ээ гэдэг хүсэлтийг тавьж байгаа юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)