Эхчүүд хүүхдээ хөхний сүүгээр хооллоогүйгээс улаанбурхан ихэсчээ

Аюулын харанга дэлдэж байсан улаанбурхан өвчинг манай улс таван жилийн өмнө дарж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгүүлж байв. Эмч, сувилагчид ч “ Манай улс улаанбурхан өвчинг дарж чадсан. Өвчлөлийн дэгдэлт дахин гарахгүй” гэж байв. Гэвч олон жилийн өмнөөс ор тас мартагдсан улаанбурхан өвчний шинж тэмдэг яагаад дахин илрэх болов гэдэгт хариулт авахаар ХӨСҮТ-ийг зорив. Эмнэлэгт хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Эмчийн болон шинжилгээний өрөөний үүдийг сахисан хүн байв. Бие нь зовиурласан байдалтай, амны хаалт зүүсэн, нүүр нүдгүй улаан тууралт гарсан хүүхдүүд энд тэндгүй харагдах аж. Уг нь хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж есөн сар болон хоёр настайд нь вакцинд хамруулдаг. Вакцинд хамруулсан хүүхдүүд улаанбурхан өвчин яагаад тусах болсныг ХӨСҮТ-ийн эмч Ч.Байгальмаагаас тодруулсан юм. Тэрбээр “Хүүхдүүдийг вакцинд цаг тухайд нь сайн хамруулдаг. Улсын хэмжээнд авч үзэхэд 98 хувь вакцинд хамруулчихсан. Хүүхдүүд яагаад өвчин тусаад байна вэ гэхээр дархлаажуулалттай холбоотой. Учир нь, эхчүүд хүүхдээ хөхний сүүгээр хооллохгүй байна. Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд амин дэмийн дутагдалтай, сульдаатай. 60 хувь нь гэр хороололд амьдардаг хүүхдүүд байна. Манай төвд одоогоор 92 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа. 2-39 насныхан улаанбурхан өвчин туссан. 742 сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д бүртгэснээс 152-ийг нь лабораториор баталлаа. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг, Өмнөговь, Дархан-Уул, Өвөрхангай, Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь аймагт өвчлөлийн гаралт их байна” гэв. Түүнчлэн улаанбурхан өвчин дэгдсэнтэй холбоотойгоор тус төвийн клиникийн сэхээн амьдруулах болон яаралтай тусламжийн тасагт эмч, сувилагчийг нэмэлтээр ажиллуулж байгаа гэнэ. Улаанбурхан өвчний эхний шинж тэмдэг цочмог халуурдаг бөгөөд 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дуршил буурах, нойргүйдэх зэрэг шинж илэрдэг байна. Эхний буюу улайралтын үед стимсоны гурвал шинж болох ринит, ларингит, коньюктивит илэрнэ. Ринитийн үед найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, яваандаа идээрхэг ногоон өнгөтэй нус гарна. Ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед хуурай, шаналгаатай, олон удаа хуцуулж ханиалгана, хоолой сөөнө. Коньюктивит нь нүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах зэрэг шинж илэрдэг байна. Халууралт, тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах, эсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утаснаас зөвлөгөө авах, дуудлага дуудан үзүүлэх боломжтой аж. Улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаа нөхцөлд өвчтөнтэй хавьтахаас зайлсхийх, нэмэлт дархлаажуулалт хийх, амны хаалт зүүх, гарын ариун цэвэр сахих, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Тэжээлийн дутагдал ба сульдаа мэтийн суурь өвчнийг эмчлүүлэх, халуурах, биеэр туурах шинж тэмдэг дээр нэмээд ханиах, нус гоожих, нүдний салст улайх шинжийн аль нэг нь илэрвэл сэжигтэй гэж үзэн харьяа эмнэлэгтээ яаралтай хандахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • mongol (150.129.141.152)

    2015-04-09

    Эхчүүд хүүхдээ хөхний сүүгээр хооллоогүйгээс улаан бурхан ихэсчээ.UNEN..UNEN