Галуудын бэлтгэл жигдэрчээ
- 2015-06-24
- Спорт
- 0

Энэ сарын дундуур болсон Бүх цэргийн наадмын дараагаас бөхчүүд бэлтгэлдээ гарч эхэлжээ. Тодруулбал Завхан аймгийн “Засагт ханы Завхан дэвжээ”-ний бөхчүүд урьдын адил Сүүж уулын бэлийг түшжээ. Улсын гарьд Б.Гончигдамбаар ахлуулсан тус галаас өнөө жил бөх сонирхогчид аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Б.Чимэдвандан нарт найдлага тавьж буй. Тэгвэл Сэлэнгэ аймгийн “Таванхан”-ын бөхчүүд өнгөрсөн 15-ны өдрөөс эхлэн Алтанбулаг сумын Гүннуурын эрэгт бэлтгэлээ базааж эхэлжээ. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн ахалсан энэ галд Монгол Улсын начин цолны даваанд нэг удаа босч үзсэн аймгийн хурц арслан Б.Одгэрэл багтжээ. Түүний хувьд сүүлийн жилүүдэд улсын цолтны тааврыг өнгөлж буй хүчтэний нэг юм. Харин улсын аварга Г.Эрхэмбаяр Төрхурахын аманд бэлтгэлээ базаахаар шийджээ. Дорноговь аймгийн “Хутагтын хүчтэн дэвжээ”-ний бөхчүүд энэ жил аймагтаа бэлтгэлээ базаахаар шийдсэн байна. Уг нь, тус галын бөхчүүд Бугын сангийн аж ахуйн амралтад байрлаж, наадмаа угтдаг уламжлалтай. Тэгвэл тус амралтад Өвөрхангай аймгийн “Их монголын хүчтэн”, “Хилчин” спорт хорооны гал байрлажээ.Сүүлийн 20 орчим жил Бугын сангийн аж ахуйг түшсэн дээрх галуудаас улсын цолны тааварт зүй ёсоор багтах Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн арслан Б.Батдорж, Хужирт сумын уугуул аймгийн арслан Ц.Чимэддорж нар бий. Мөн олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаярын бэлтгэлээ базааж буй “Булган хангай” дэвжээний бөх, улсын заан М.Өсөхбаяр, Д.Баасандорж тэргүүтэй бөхчүүд Бугын сангийн аж ахуйг түшжээ. Харин И.Доржсамбуу, И.Ёндонсамбуу нараар удирдуулсан бөхчүүд Дугана хаданд бэлтгэлдээ гарсан дуулдав. Тус галд улсын баяр наадамд хоёр удаа дөрөв давсан аймгийн арслан А.Отгонбаатар болон аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ, Д.Тамир нар багтжээ. Маш товчхондоо Бугын сангийн аж ахуйн амралтаас өнөө жилийн баяр наадмын шинэ цолтон төрөх магадал өндөртэй. Дээр дурдсан бөхчүүдээс гадна Баянхонгор аймгийн арслан Б.Эрдэнэхүү, Аймгийн арслан Д.Энхбат, Н.Золбоо зэрэг шилдэг залуус улсын цолны төлөө дайралт хийхээр тус амралтад зэхэж буй юм.

Сэтгэгдэл (0)