Г.Өсөхбаяр зүүний магнайд босч, улсын цолтнууд цөөн барилдаж байна

 

Ардын Хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын цолтой 86 бөх барилдаж байна. Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр хүчит 512 бөхийг магнайлж, зүүний магнайд бослоо. Харин барууны магнайд улсын аварга Одвогийн Балжинням, зүүн талын дагавар магнайд улсын аварга Сүхбаатарын Мөнхбат, баруун талыбн дагавар магнайд улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр нар зодоглож байна. 

Том цолтнуудаас хөлний гэмтлийн улмаас олон барилдаанд оролцоогүй улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ улсын наадамд зодоглолгүй аймгийн наадамд барилдаж буй ажээ. Мөн улсын наадмын дэвжээнд харна гэж бөх сонирхогчдын хүлээж байсан хэд хэдэн бөх улсын наадамтай зэрэгцсэн аймгийн наадмуудад зодоглож байна. Ингэснээр улсын наадамд ойрын жилүүдэд байгаагүй цөөн тооны улсын цолтон буюу 86 улсын цолтой бөх зодоглож байгаа юм. 

Гэлээ 1964 оны луу жилтэй хүчитнүүдээ төлөөлж улсын арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ наадмынхаа дэвжээнээ гарч, хоёрын даваанд өвдөг шороодлоо. Том цолтнуудаас ойр заал танхимын барилдаанд огт барилдаагүй улсын гарьд М.Баяржавхлан мөн хоёрын даваанд өвдөг шороодсон. Энэ жилийн баяр наадмаар Ц.Одбаяр начин зодоглосонгүй.

Хоёрын даваанд эдүгээ цагийн бөхчүүдээсээ биеийн жингээр илүүд тооцогддог улсын начин Б.Сугаржаргал, жижигэвтэр биетэй ч дайчин барилдаантай улсын начин Лха-Очир нар өвдөг шороодлоо. 

Маргааш өглөө 8.30 цагт бөхчүүд гурвын давааны амаа авч, 09.00 цаг гэхэд гурвын даваа эхлэх учиртай. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)