Ц.Цогоо: Өмнөх жилийн даалгаврыг гүйцэтгэн тэмцээнд бэлтгэж байна
- 2015-07-20
- Спорт
- 0

Бразилийн Сан Паулу хотод ирэх сарын 11-16-нд дэлхийн ур чадварын олимп болно. 1950 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулсан тус тэмцээнд манай улсаас есөн хүн оролцохоор эрхээ аваад байна. Тэмцээний талаар Монголын Ой модны үйлдвэр архлэгчдийн холбооны ажилтан, тус тэмцээний шүүгчээр ажиллах Ц.Цогоогоос тодрууллаа.
-Дэлхийн ур чадварын олимпод эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хэрхэн шалгаруулсан бэ?
-Тусгай мэргэжлээр бэлтгэдэг коллеж болон МСҮТ-ийн оюутан залуусын дунд ур чадварын тэмцээн зохион байгуулж, энэхүү олимпод оролцох дөрвөн эмэгтэй, таван эрэгтэй оюутныг сонгон шалгаруулсан.
-Оролцогчид энэхүү олимпод ямар мэргэжлээр өрсөлдөх вэ?
-Цахилгаан, өрөг угсралт, хавтанцар наах, токарь, гагнуур, мужаан, үсчин, гоо засал, тогооч гэсэн есөн мэргэжлээр өрсөлдөнө. Ур чадварын тэмцээнд 23-аас доош насны залуус 45 мэргэжлээр өрсөлдөж ур чадвараа сорьдог. Мэргэжлээрээ чадварлаг хүмүүсийг илрүүлэн олон түмэнд таниулах мөн ур чадвар нь хувь хүний амжилт болон улс орны эдийн засгийн өсөлтөд хэр чухлыг мэдрүүлэх зорилготой.
-Тэмцээний бэлтгэл хэр байна вэ?
-Бэлтгэлээ маш сайн хангасан. Өгөгдсөн болон өмнөх жилүүдийн жишиг даалгаврыг гүйцэтгэж тэмцээндээ бэлтгэж байна.
-Та бүгдийн цаашдын зорилго юу вэ?
-Бид дараагийн тэмцээнд олон мэргэжлээр мэргэжилтнүүдийг оролцуулах зорилго тавин ажиллаж байна.
М.Уугантамир

Сэтгэгдэл (0)