Триатлончид шилдгээ тодруулжээ
- 2015-07-21
- Спорт
- 0

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-19-нд Архангай аймгийн Өгийнуурт болж, шилдгүүдээ тодруулжээ. Тэмцээнд триатлончид анх удаа бүтэн зайд өрсөлдсөнөөрөө онцлогтой байв. Тус тэмцээний эрэгтэй элит ангилалд “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн тамирчин, спортын мастер Х.Одгэрэл ялж, аваргын алтан медалийг хүртжээ. Мөнгөн медалийг “Хангарьд” клубийн тамирчин, спортын мастер Ч.Гансүх, хүрэл медалийг “Каннондэйл Монголиа” багийн тамирчин, спортын дэд мастер Н.Оргил нар хүртсэн байна. Эмэгтэй триатлончдын элит ангилалд “Хангарьд” клубийн залуу тамирчин Т.Хүслэн гурван жил дараалан түрүүлж, Монгол Улсын спортын мастер цолны болзлыг 17-хон насандаа биелүүлжээ. Мөнгө, хүрэл медалийг “Хангарьд” клубийн тамирчин, спортын дэд мастер Э.Сүрэнням, www. shuud.mn-ийн тамирчин Э.Уянга нар хүртсэн байна.

Сэтгэгдэл (0)