Н.Чойжамц: Таван мянган хүнийг В вирусийн эмчилгээнд хамруулна

 

         ЭМСЯ, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи Веритас” оношилгооны төв, Нийгмийн халамж үйлчилгээний газар хамтран элэгнийB вирусийн эсрэг эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр болжээ. Эмчилгээг эхний ээлжид5000 иргэнд хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар“Хаппи Веритас” оношилгооны төвийн зөвлөх, Монгол Улсын хүний гавьяат эмч Н.Чойжамцаас тодрууллаа.

 

-Элэгний В вирустэй таван мянган иргэнд эмчилгээ хийхээр болжээ. Эдгээр хүнийг хэрхэн сонгох вэ?

 

-Манайх элэгний В вирусийн эсрэг “Амьжиргаа” төсөл хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд энэ өвчний эсрэг тенофовир эмийг АНУ-ын эм үйлдвэрлэгч MYLAN компанитай гэрээ хийн оруулж ирээд байна. 300 хүнд энэ эмийг 90 хувийн хөнгөлттэй үнээр олгосон. Эдгээр иргэн эмийн эмчилгээнд бүрэн хамрагдсанаар сайн үр дүн үзүүлсэн. Одоо төслийн үндсэн үе эхэлж байна. Эхний5000 хүнийг В вирусийн эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулна. Элэгний В вирустэй иргэд сайн дураараа ирж эмчлүүлэх боломжтой.

 

-Тенофовир ямар үнэтэй байдаг вэ?

 

-Ер нь их үнэтэй. Бид хөнгөлөлттэйгөөр нэг курс буюу зургаан сар уух эмийг 180 мянган төгрөгөөр оруулж ирнэ. Эмээ зургаан сар тасралтгүй уусны дараа дахин В вирусийн шинжилгээ өгнө. Уг эмийн нэг сарын эмчилгээний зах зээлийн үнэ 58 мянган төгрөг байдаг.

 

-В вирусийн эмчилгээнд хамрагдах иргэд оношилгоогоо хаана хийлгэх вэ?

 

-Оношилгоогоо хаана хийлгэх нь иргэдийн өөрсдийн асуудал. Дүүрэг, улсын болон хувийн эмнэлэгт ч хийлгэж болно.

 

-Манай улсад элэгний В вирусийн өвчлөл хэр тархалттай байгаа бол?

 

-Нийт иргэдийн 10 хувь нь В вирусийн халдвартай гэсэн судалгаа бий. Энэ вирусийг устгах эм одоохондоо гараагүй байна. Гэхдээ тенофовир эмийг дор хаяж хоёр жил уух ёстой. Зарим тохиолдолд насан туршдаа уух гэсэн заавар ч байдаг.

 

-Эмзэг бүлгийн иргэдэд С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж байгаа. Энэ ажил хэр үр дүнтэй явж байна вэ?

 

-Нийслэлийн есөн дүүргийн эмзэг бүлгийн мянган иргэнээс С вирусийн шинжилгээг авч байна. Одоогоор Баянгол дүүргийн эмзэг бүлгийн 230 иргэн хамруулсан. Энэ сарыг дуустал үргэлжилнэ. Мянган иргэнийг хорооноос нь шууд сонгож байгаа учраас хүндрэл гараагүй, ажлын явц сайн байна.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)