Б.Алтанчимэг: Харвалт, шигдээс, таргалалттай хүн олноор ирэх болсон
- 2015-10-22
- Эрүүл мэнд
- 0
“Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн Сувилал үйлчилгээний тасгийн эрхлэгч Б.Алтанчимэгтэй тус сувиллын эмчилгээ, үйлчилгээний талаар ярилцлаа.
-Оргил рашааныг мэдэхгүй хүн цөөн. Рашааныхаа онцлогоос танилцуулна уу?
-“Оргил рашаан сувилал” ТӨХК-ийг1934 онд аж үйлдвэрийн комбинатын ажилчдыг рашаан уулгах, рашаанд оруулах зориулалттай байгуулснаас хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Энд нийслэл төдийгүй хөдөө, орон нутгийн иргэд ирж үйлчлүүлдэг. Оргил рашаан нь нүүрсхүчлийн хий, гидрокарбонат агуулсан. Энэ нь хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг, эмчилгээний шинж чанартай нь тогтоогдсон учраа сMNS5432 гэсэн стандартаар рашаанаа хэрэглэж, эмчилгээндээ ашигладаг.
-Рашаандаа тулгуурлан ямар эмчилгээг хийдэг вэ?
-Рашааныг ууж хэрэглэдэг. Манай рашаан ходоодны эмгэгтэй, хоол боловсруулах эрхтэн системийн эмгэгтэй хүмүүст зохимжтой. Ингэхдээ эмчийн заалтаар яаж уухыг өвчтөний биеийн байдалд нь тохируулан заагаад өгнө. Мөн рашаанаар гэдэс, цөс угаах, бодисын солилцоог хэвийн болгох, хордлого тайлах, бүдүүн гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, эмгэгийг эмчлэх ач тустай. Түүнчлэн рашаан ванн эмчилгээг хийж байна.
-Танайх сэргээн засах цогц үйлчилгээтэй болсон гэсэн. Сувилуулагчдад хэчнээн төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Нэг дор хэчнээн хүн хүлээн авах хүчин чадалтай вэ?
-Үйл ажиллагааны хувьд жилийн дөрвөн улиралд тасралтгүй явагддаг. Жилд 10 мянга орчим хүн хэвтэн сувилуулдаг. 360 гаруй ортой. Энэ дотроо сувиллын тасаг 288, клиник таса г80 ортой. Клиник тасагт хагалгааны дараах хүмүүсийг хүлээн авч байна. Түүнд цөс, эмэгтэйчүүд, үе, тархины хагалгаа, харвалт, шигдээсийн дараах хүмүүсийг хүлээн авч сэргээн засах эмчилгээ хийдэг. Сувиллын тасагтаа ихэвчлэн өвчний архаг хэлбэр, намжмал үедээ байгаа бүх төрлийн өвчтэй хүнийг эмчилж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 247 тоот тушаалын дагуу заалтаараа сувилуулагчдаа авдаг. Мөн цусны эргэлт, мэдрэл, хоол боловсруулах, амьсгалын тогтолцооны эмгэг, яс, холбогч эд, дотоод шүүрэл бодисын солилцооны өвчин эмгэгийг эмчилдэг юм. Шавар эмчилгээг үе мөч, арьс, нуруу эд эрхтнүүдэд хийнэ. Дээр нь усан болон физик, хүчилтөрөгчийн эмчилгээ, биеийн тамир, хөдөлгөөн засал, зүү төөнүүр, иллэг, тосон эмчилгээ, фитнесс, аэробик гэсэн эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.
-Эмчилгээндээ ямар тоног төхөөрөмж ашиглаж байна вэ. Иргэд ямар аппаратаар ихэвчлэн үйлчлүүлдэг вэ?
-Манайх ОХУ, Итали, БНСУ-ын орчин үеийн аппарат, тоног төхөөрөмжийг эмчилгээндээ ашиглаж байна. Сүүлийн үед харвалт, шигдээсийн дараах, таргалалт, үе мөчний өвчтэй, хөдөлгөөн хязгаарлагдсан хүн олноор ирэх болсон. Үүнд хөдөлгөөн засах эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Тиймээс энэ эмчилгээг Америкаас оруулж ирсэн сүүлийн үеийн хөдөлгөөн засах аппаратны тусламжтай хийж байна. Үений протез хийлгэсэн хүмүүс хагалгааны дараа ирж, хөдөлгөөн сайжруулах эмчилгээг аппарат дээр сэргээн засалч эмчийн хяналтад хийдэг. Мөн өвчтөний биеийн байдал өвчний онцлогт тохируулан физик эмчилгээний электрофорез, УВЧ, ультразвук, улаан гэрэл, амплипульс, электросон, искра, полюс, поток, УФО зэрэг аппаратын 20 гаруй төрлийн эмчилгээ хийж байна. Физик эмчилгээний аппаратыг үений хөдөлгөөн, үений архаг үрэвслийн үед хэрэглэдэг. Мөн нам давтамжийн эмчилгээний булчингийн чангарал бууруулах, өвдөлт намдаах, үрэвсэл дарах гэсэн үйлчилгээтэй Солонгосын аппарат бий. Үүнд хүмүүс их ордог. Учир нь, хүмүүс хөдөлгөөний хомсдолоос болж булчингийн хөшинги, хүзүү, нуруу хөших байдал их болсонтой холбоотой.
-Эмч нарын хувьд бүгд сувилахуйн талаар мэргэшсэн үү?
-Манайх нийтдээ 130 ажилчинтай. Түүнээс сувилал үйлчилгээний тасагт 50, клиник тасагт 16 хүн ажилладаг. Үүнээс 15 нь их эмч. Манай эмнэлгийн бүх эмч, сувилагч сэргээн засах эмчилгээний нарийн мэргэжлийн курсэд хамрагдсан. Үүнээс гадна дотор, мэдрэлийн, уламжлал, зүүний чиглэлийн мэргэшсэн эмчтэй.
-Эрүүл мэндийн даатгалтай иргэд хөнгөлөлтөө хэрхэн эдэлдэг вэ. Өдрийн хэдэн төгрөгийн үнэтэй байдаг юм бол?
-Эрүүл мэндийн даатгалтай иргэд өдрийн 31800 төгрөгөөр хэвтэн сувилуулдаг. Хэвтэн үйлчлүүлж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдний хувьд хэвтэн эмчлүүлсэн зардлынхаа50 хувийг халамжаасаа буцаан авдаг. Харин Хөдөлмөрийн баатар, гавьяатууд 100 хувь буцааж авч байгаа. Мөн клиник тасгаар үйлчлүүлсэн иргэд эмнэлгээс шууд манайд шилжин ирсэн бол лист бичиж өгдөг. Тодруулбал, хэд хоног хэвтсэн байна гэдгээсээ хамаарч, лист бичдэг. Нэг хүн жилдээ хоёр удаа ч хэвтэж болно. Зургаан сарын зайтай хэвтдэг хүн байдаг. Тэгэхдээ Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг жилд нэг удаа авдаг учир 31800 нь 40200 төгрөг болдог учиртай. Эрүүл мэндийн даатгалгүй хүн 40200 төгрөгөөр хэвтэн эмчлүүлж болно.
-Нийслэлээс гадна хөдөө орон нутгийн иргэд танайд сувилуулдаг гэсэн. Тэдний хувьд ямар шугамаар танайд хандах вэ. Үйлчилгээг хөнгөлөлттэй авах боломжтой юу?
-Манай сувиллын бичгийг өрхийн болон 2, 3 дугаар шатлалын бүх эмнэлгээс авах боломжтой. Хөдөө, орон нутгийн иргэд Эрүүл мэндийн даатгалтай л бол мөн 31800 төгрөгөөр хэвтдэг. Энэ мөнгөн дүнгээрээ дээр хэлсэн бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой юм. Бид үйлчилгээгээ иргэдэд шуурхай хүргэхийн тулд эрхийн бичгээ цахимаар/www.orgil-suvilal.mn/ түгээж байна. Хөдөө, орон нутгийн иргэд манай цахим хаягаар хандаж эрхийн бичгийг хувилан авч, харьяа эмнэлэгтээ тамга даруулснаар харьяаллын халамжаасаа 50 хувиа буцаан авах боломжтойгоороо давуу талтай.
-Сувилуулагчдад хэдэн төрлийн хоолоор үйлчилдэг вэ?
-Манайх сувиллын үйлчилгээ үзүүлдэг гэдэг утгаараа эмчилгээний хоолтой. Энэ нь 0-15 хүртэлх дэглэмийн хоолоор үйлчилдэг. Жишээ нь, хагалгааны дараах үеийн хүнд эхлээд 0, 1 хоол өгөх гэх мэтээр шат дараалсан байдлаар өвчтөний бие тэнхрэх байдлаас хамаарч хоолоо өгдөг. Сувилуулагчдад ердийн болон өвчний онцлогт тохирсон эмчилгээ сувилгааны 15 дэглэмийн 80 гаруй төрлийн хоолоор өдөрт зургаан удаа үйлчилдэг. Үүнд, ходоод гэдэсний хямрал, нойр булчирхай, элэг цөсний үрэвсэлт өвчин, чихрийн шижин, зүрх судасны өвчний үеийн хоолыг иж бүрдлээр болон ердийн дэглэмийн хоолыг хийдэг. Хоол зүйч эмч нь хоолны илчлэгийг өдрийн алдсан хүч тамир, энергийг нөхөх, мөн өвчний онцлогт тохируулан хоол тус бүр дээр тооцоолон орц, нормыг тохируулан гаргадаг. Мөн хоолны бүтэц найрлагад анхаарч амьтны гаралтай өөх тосыг багасгаж ургамлын гаралтай тосыг түлхүү хэрэглэж байна.
-Жилийн аль улиралд ачаалал ихтэй байдаг вэ?
-Зуны амралт зугаалгын цаг, эсвэл цагаан сарын өмнөхөн хүн багасдаг. Бусад үед нь хүн ихтэй. Бүр их хүнтэй үе нь цагаан сарын дараагаас тавдугаар сар хүртэл, мөн 9-12 дугаар сарын хооронд байдаг.
М.Энхцэцэг

Сэтгэгдэл (0)