Х.Тэргэл: Энэ наадамд оролцохыг Б.Галсансүх санал болгосон
- 2015-11-24
- Эрүүл мэнд
- 0

Яруу найрагч Х.Тэргэл Дэлхийн яруу найргийн уралдаанд урилгаар оролцохоор болжээ. Энэ жилийн Дэлхийн яруу найргийн наадам Андын нурууны сүрлэг уулсын бэлд орших Эквадор улсын Гуаякиуль хотноо болох юм байна. Уг наадамд дэлхийн олон орны төлөөлөл болсон нэртэй яруу найрагчид оролцох аж. Наадам энэ сарын 27-нд өндөрлөнө. Уралдааны талаар яруу найрагч Х.Тэргэлтэй холбогдож, цөөн асуултад хариулт авлаа.
-Дэлхийн яруу найргийн уралдаанд оролцох болсонд тань баяр хүргэе. Та энэхүү уралдаанд ямар бүтээлээрээ оролцож байна вэ?
-Баярлалаа. Би уралдааны болзлын дагуу таван шүлгээр оролцох гэж байна. “Залуу явахад юм бүхэн өнгөлөг”, “Бүсгүй чамд илгээх захидал1” болон сүүлд бичсэн шүлгүүдээрээ өрсөлдөнө.
-Энэ жилийн наадам ямар уриа, зорилгын дор зохион байгуулагдаж байна вэ?
-Надад ирж буй мэдээллүүд испани хэлээр учир асуудал байна. Ямартай ч би шүлгүүдээ англи хэлээр орчуулж, зохион байгуулагчид англиас испани хэл рүү буулгаж байгаа. Миний шүлгийг АНУ-д амьдардаг, фэйсбүүкийн танил найз маань англи хэлнээ буулгаж өгсөнд баярласнаа илэрхийлье.
-Дэлхийн яруу найргийн наадамд Монголын яруу найрагч оролцож байсан түүх бий юү?
-Яруу найрагч Б.Галсансүх Ко лумб улсад 2013 онд болсон наадамд оролцож байсан. Б.Галсаа найрагч маань анх надад санал болгож энэ байгууллагатай холбож өгсөн юм.
-Эквадорт болох уралдаанд хэчнээн орны яруу найрагч оролцох бол?
-Яг нарийн тоог тодорхой мэдээгүй байна. Ямартай ч энэ наадмыг 24 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа гэсэн шүү. Ер нь хамрах хүрээ, оролцогчдын хувьд том цараатай наадам.
-Наадмын үргэлжлэх хугацааны талаар тодруулна уу?
-Энэ сарын 23-27 нд болно. Би даваа гаригт/өчигдөр/ Эквадорыг зорих гэж байна.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)