Улс орнууд агаарын бохирдлоо бууруулах үүрэг хүлээнэ
- 2015-12-14
- Дэлхий
- 0

Францын нийслэл Парис хотноо НҮБ-аас зохион байгуулсан уулзалтад оролцогчид уур амьгалын өөрчлөлтэй тэмцэх тухай шинэ гэрээг өнгөрсөн бямба гаригт баталлаа. Нийт 196 орны төлөөлөгч Ле Бурже дэх үзэсгэлэнгийн танхимд НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх бага хурал(COP21) зохион байгуулагчдыг алга ташин хүлээн авснаар сүүлийн өдрийн хуралдаан эхэлсэн байна. Хурлын эцсийн баримт бичиг болох гэрээг нэг өдрөөр хоцорч бэлэн болгосон юм. Гэсэн ч оролцогчид НҮБ-аас уур амьсгалын өөрчлөлтийн талаар сүүлийн 23 жилийн хугацаанд батлуулж буй анхны баримт бичгийг бямба гаригийн орой баталснаар түүхэн гэрээ бодит үйл хэрэг болсон билээ. Францын Гадаад хэргийн сайд, COP21-ийн ерөнхийлөгч Лоран Фабиус бага хурлын эцсийн баримт бичгийг танилцуулахдаа үүнийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл явц дахь “Түүхэн эргэлтийн мөч” хэмээн тодорхойлсон байна. Хурлын сүүлийн өдрүүдэд хэлэлцээрт оролцогсод унтах завгүй ажилласны хүчинд уг баримт бичигт том зорилтыг тэнцвэртэйгээр тусгаж чадсаныг тэрбээр өгүүлжээ.
ДУЛААРЛЫГ ХОЁР ХЭМЭЭР ХЯЗГААРЛАНА
Францын нийслэлд хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн бага хуралд оролцогсдын хүчин чармайлтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн тухай шинэ гэрээг баталсан. Шинэ гэрээ нь хөгжингүй орнуудыг хүлэмжийн хий ялгаруулах хэмжээг бууруулах тухай зааж өгсөн Киотын протоколыг 2020 оноос эхлэн орлох үүрэгтэй. Шинэ гэрээний дагуу дэлхийн улс орнууд эдийн засгийн хөгжлийн төвшнөөсөө үл хамааран агаарын бохирдлыг бууруулах талаар үүрэг хүлээнэ. Гэрээг баталснаар улс орнууд хүлэмжийн хий ялгаруулах хэмжээгээ ойрын хугацаанд дээд хэмжээнд хүргэж, цаашид бууруулах тухай үүрэг хүлээж буй юм. Үүний үр дүнд энэ зууны хоёрдугаар хагаст агаар мандалд ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээг байгалийн жамаар далай тэнгис, ой мод өөртөө шингээн боловсруулдаг хэмжээнд хүргэх зорилт тавьсан байна. Мөн дулаарлын хэмжээг энэ зууны эцэс гэхэд аж үйлдвэржилт эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад цельсийн хоёр хэмээс хэтрүүлэхгүй гэсэн томоохон зорилт тусгажээ. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орнууд болон Герман улсын санаачилгаар дулаарлын босго хэмжээг 1.5 хэм болгох тухай нэмэлт зорилт тусган оруулсан аж.

САНАЛ ЗӨРӨЛДӨӨНТЭЙ АСУУДЛУУД
Энэхүү босго хэмжээ нь уулзалтад оролцогсдын хувьд хамгийн их санал зөрөлдөхөд хүргэсэн заалт байв. Хятад, Энэтхэгийн төлөөлөгчид дулаарлын хэмжээг хязгаарлах босгыг бууруулж, 1.5 хэмээс нэмэгдүүлэхийг шаардсан байна. Мөн хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хувьд агаарын бохирдлын талаар хүлээх үүргийг ялгавартайгаар тогтоож, ядуу орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүнтэй дасан зохицоход нь зориулж санхүүжилт олгохыг санал болгосон юм. Хөгжиж буй орнууд энэ салбар дахь ачааны хүндийг аж үйлдвэр өндөр хөгжилтэй орнууд үүрэх ёстой гэсэн байр суурь баримталсан бол АНУ, Европын холбооны төлөөлөгчид бүх талын оролцоо тэгш байх ёстой хэмээн үзсэн аж. Эцсийн дүнд талуудын үүрэг оролцоог зааглаж өгсөн байна. Тухайлбал, уг баримт бичигт зааснаар өндөр хөгжилтэй орнууд хамтран 2020 оноос эхлэн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орнуудад жил бүр хамгийн багадаа 100 тэрбум ам.долларын тусламж олгохоор боллоо. Парисын гэрээний нэг дутагдалтай тал нь тодорхой тоон үзүүлэлт заагаагүйд оршино хэмээн уур амьсгалын салбарын мэргэжилтнүүд дүгнэжээ. “Гэрээг баталсан орнуудыг тусгай хавсралтад жагсааж, 2050 он хүртэл хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулах үүрэг амлалтыг нь тусгахын оронд хийсвэр амлалт авсан” хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангаас Орост хэрэгжүүлж буй Уур амьсгал ба эрчим хүч хөтөлбөрийн тэргүүн А.Кокорин энэ тухай өгүүлсэн байна. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийг гурван хэмээр хязгаарлаж чадсан ч энэ нь томоохон амжилт болж, сүйрэлд хүргэхээс сэргийлж чадна хэмээн тэрбээр дүгнэжээ.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (0)