Д.Эрдэнэбаатар: Дөрвөн хүүхэд галд өртөж амиа алдсан
- 2015-12-15
- Эрүүл мэнд
- 0

Нийслэлийн24 дүгээр дунд сургуулийн цайны газарт өчигдөр өглөө гал гарчээ. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.ЭРДЭНЭБААТАРААС тодрууллаа.
-Сургуулийн цайны газарт гарсан галын шалтгааныг тодруулсан уу?
-“Чингэлтэй дүүргийн 24 дүгээр дунд сургуулийн цайны газар шатаж байна” гэсэн дуудлага өчигдөр 06.00 цагт ирсэн. Дуудлагын дагуу очиход цахилгаан зуух нь шаардлага хангаагүйн улмаас гал гарсан байсан. Шингэрүүлсэн хий дэлбэрсэн зүйл байхгүй. Галын улмаас цайны газрын цонх, тааз хэсэг шатсан. Галыг цаг алдалгүй унтраасан.
-Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын гурван хүүхэд галд өртөж амиа алдсан хэрэг гарсан байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 20 орчим дуудлага ирсэн. Галын дуудлага ихсэхийн хэрээр галд өртөж байгаа эд хөрөнгө, хүний амь нас эрсдэх тохиолдол өсөх хандлагатай байна. Зөвхөн энэ амралтын өдрүүдэд гал түймэрт дөрвөн хүүхэд гэртээ шатаж, амь насаа алдлаа. Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын гурван хүүхэд, Баянзүрх дүүрэгт нэг хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
-Амиа алдсан гурван хүүхэд цоожтой байсан уу. Аль эсвэл харгалзах хүнгүй байсан юм болов уу?
-Гал түймэр үүрээр гарсан. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд унтаж байсан. Цагдаагийн байгууллага хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
-Түймэр гарах шалтгаан юунаас үүдэлтэй байна вэ?
-Хүйтний улиралд гал эрчимтэй түлж эхэлсэн энэ үед иргэд ердийн галлагаатай зуухныхаа аюулгүй ажиллагааг хянах хэрэгтэй байна. Тухайлбал, яндангийн залгаа зөв эсэх, эвдрэл гэмтэлтэй байгааг, мөн шатах бодистой хэт ойрхон эсэхийг үргэлж хянаж байх шаардлагатай. Айл өрх зуухны ойролцоо цаас, түлээ модыг ойрхон байрлуулж, галласнаас гал түймэр их гарч байна. Мөн цогтой үнсээ ил задгай асгаснаас гал гарах нөхцөл бүрдэж байна.
Б.Дэлгэр

Сэтгэгдэл (0)