Ханиадаар өвчлөгсдийн 80 гаруй хувь нь хүүхдүүд байна
- 2015-12-18
- Эрүүл мэнд
- 0

Хүйтний эрч өдөр бүр чангарч ханиад томуугийн дэгдэлт ихэсчээ. Томуу гэдэг нь вирусээр халдварладаг амьсгалын цочимог халдварт өвчин юм. Томуу, томуу төст өвчний үед халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Жил бүр дэлхий даяар 3-5 сая хүн үүгээр өвчилж байгаагийн 20-30 хувь нь хүүхдүүд байдаг аж. Харин манай улсын хувьд томуугаар өвчлөгчдийн дийлэнх буюу 80 гаруй хувь нь хүүхдүүд байгаа юм. Дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгууд ч томуугийн дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан ачааллаа даах үгүйд хүрч байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд нийслэлийн хэмжээнд амбулаториор 74 мянга гаруй хүн үйлчлүүлжээ. Үүний 7.5 хувь нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Харин томуугаар өвчлөгсдийг насаар нь ангилж үзвэл 80 гаруй хувь нь 0-9 насныхан. Цэцэрлэг, бага ангийн насны хүүхдүүд ханиадаар өвчлөх эрсдэл хамгийн их байгаа учраас сэргийлэх арга хэмжээ авч, вакциндаа хамрагдахыг мэргэжлийнхэн сануулж байна. Шинж тэмдгийн хувьд хэд хоногийн турш өндөр халуурч, халуун бууруулах эм өгсөн ч төдий л намдахгүй байгаа бөгөөд түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэн ирэх хүмүүсийн тоо ч нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт 2188 дуудлага ирснээс 1232 нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй байсан байна. Иймээс иргэдийг амьсгалын замаар дамжих томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн бол эмнэлэгт үзүүлж, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэн, гэртээ амрахыг эмч нар зөвлөлөө.
Томуу, томуу төст өвчний тархалтын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Баатарсүхээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ханиад томууны дэгдэлт их байна уу?
-Хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний тархалт ихэсдэг. Энэ жилийн хувьд мөн тархалт өндөр байна. Гэхдээ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 2-3 хувь бага байгаа. Гол нь ханиад томууны тархалтаас иргэд өөрөө өөрсдийгөө хамгаалах нь чухал.
-Томуугийн вакцин хийлгэсэн ч ханиад хүрчихлээ гэж иргэд ярьдаг. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Аливаа өвчнөөр өвдөхгүй байх найдвартай алхам нь урьдчилан сэргийлэх тарилга буюу вакцин. Одоогийн байдлаар 45000 орчим хүн томуугийн вакциныг сайн дураар хийлгэсэн гэсэн мэдээ байна. Вакцин хийлгэсэн ч ханиад хүрлээ гэдэгт тайлбар хийе. Томуу үүсгэгч 200 гаруй төрлийн вирус бий. Үүний хамгийн түгээмэл тохиолдох гурван хүрээний вирусыг эсэргүүцэх чадвартай вакцин хийдэг. Тиймээс вакцин хийлгэсэн ч ханиад хүрчихлээ гэдэг нь өөр төрлийн вирусын ханиад авсан учраас тэр. -Иргэд ханиад хүрсэн даруйдаа дур мэдэн эм хэрэглэх нь олонтаа. Энэ нь ямар хор уршиг дагуулдаг вэ? -Дур мэдэн антибиотик ууснаар өөрийгөө улам эрсдэлд оруулдаг. Мөн өөр төрлийн өвчнөөр өвдөх эрсдлээ нэмж байдаг. Нэгдүгээрт, эмийн сан бол эмнэлэг биш. Энэ бол эмийг хэрхэн хэрэглэх тухай зааж зөвлөх ёстой газар. Тиймээс нэн даруй эмнэлэгт үзүүлж, эмчийн зөвлөгөөг авах ёстой. Хоёрдугаарт, дур мэдэн уусан хүчтэй антибиотик нь ходоод, элэг зэрэг дотор эрхтнийг өвчлүүлэх магадлалтай. тиймээс эмчийн зөвлөгөөний дагуу тохирсон эмээ хэрэглэх хэрэгтэй. Ер нь ханиад хүрсэн бол 2-5 хоног гэртээ амарч, эмчилгээ хийх ёстой байдаг. Ханиад шинэ үедээ халдах нь амархан байдаг тул өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг ч бодох ёстой.
-Өнгөрсөн хавар улаанбурхны тархалт маш их байсан. Харин одоо ямар байгаа вэ?
-Гуравдугаар сараас эхлээд таван сарын сүүл хүртэл улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдсэн. Ялангуяа тавдугаар сарын 20-доор оргил үе нь байлаа. Үүнээс хойш үзүүлэлт буураад байсан ч есдүгээр сараас дэгдэлт эргээд нэмэгдэж байна. Энэ нь хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой. Статистакийг харвал 0-11 сартай хүүхдүүд өвчлөх нь байна. Мөн 19-20 насныханд тархалт их байна. Хүн амьдралынхаа туршид улаанбурхны вакцины хоёр тунг хийлгэдэг. Нэг нь ёсөн сартайдаа, тэгээд хоёр настайдаа хийлгэнэ. Ингэснээр өвчнөөс сэргийлж чадах юм. Гэхдээ өвчин эсэргүүцэх дархлаа хэр байна вэ гэдгээс бас хамаарна. Эрүүл аж төрөхийн тулд хамгийн гол нь амин дэм сайтай хоол идэх, хангалттай унтаж амрах нь чухал.
Эх сурвалж: Ардын эрх

Сэтгэгдэл (0)