Г.Мөнхцэцэг: “Болор цом”-д алдартай найрагчид бүтээлээ ирүүлсэн
- 2016-01-29
- Эрүүл мэнд
- 0

Зохиолч, яруу найрагчдын хүсэн хүлээдэг “Болор цом” наадам ирэх сарын 2-нд Соёлын төв өргөөнд болно. Энэхүү наадмыг хэрхэн зохион байгуулж байгаа, энэ жилийн наадмын онцлогийн талаар Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Г.Мөнхцэцэгээс тодрууллаа.
-“Болор цом” наадамд шүлгэн хүлгээ уралдуулахаар хэчнээн найрагч бүртгүүлсэн бэ?
-Бид энэ сарын 25-ныг хүртэл шүлэг хүлээн авлаа. Наадамд 150 гаруй найрагч голдуу орон нутгаас бүтээлээ ирүүлсэн байна. Мөн энэ жил нэлээд олон алдартай найрагч бүтээлээ уралдуулахаар бүртгүүлсэн. Бүртгүүлсэн бүтээлээс шалгаруулж, сүүлийн шалгаруулалтад 30 найрагч өрсөлдөнө.
- Энэ удаагийн наадмын онцлог юу вэ?
-Сүүлийн жилүүдэд “Болор цом” наадмыг орон нутагт зохион байгуулсан. Энэ нь олон ач холбогдолтой байлаа. Хөдөөгийн уншигчид зохиол чидтой нүүр тулан уулзах боломж төдийлөн байдаггүй учраас уран зохиолын амьд харилцааг бий болгохын тулд хөдөө орон нутагт зохион байгуулсан. Бид Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэд, Соёлын гавьяат, Төрийн шагналт зохиолчдоо оролцуулж “Уран үгсийн чуулган” гэж уншигч зохиолчдын уулзалтыг энэ наадамтайгаа хамт зохион байгуулдаг байсан. Тиймээс уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх үүднээс хөдөө орон нутгийг нэлээд зорилоо. Харин Улаанбаатар хотын уншигчдаас нийслэл хүрээндээ наадмаа хийгээч гэсэн хүсэлт олон жил ирсэн. Энэ хүсэлтийн дагуу нийслэлд наадмаа зохион байгуулж бас нэг өөр агаар мэдрэх гэсэн бодолтой байна.
-Шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс ажиллаж байгаа бол. Наадмыг ямар зарчмаар шүүх вэ?
-Аливаа наадам шүүгчдээ нууцалдаг шүү дээ. Бид наадмын шүүлтдээ их анхаарч ирсэн. Өмнө нь “Болор цом”-ын эзэд, Нацагдоржийн шагналт найрагчид, судлаачдаар шүүлгэж үзсэн. Энэ удаад харин ямар байдлаар шүүж, шүүгчдээр хэн ажиллахыг хэлэхэд арай эрт байна.
Д.Мөнх-Эрдэнэ

Сэтгэгдэл (0)