Түрээсийн орон сууцанд орох иргэдийг сугалаагаар тодруулна
- 2016-03-02
- Эрүүл мэнд
- 0

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэд ТОСК-ийн гадаа урт дараалал үүсгэжээ. Тодруулбал, тус орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг өчигдөр буюу гуравдугаар сарын 1-нээс хүлээж авна гэсэн учир тэд бүртгүүлэхээр ийнхүү эртлэн ирсэн байна. Харин ТОСК-аас “Бүртгэх болоогүй” гэхээс өөр мэдээлэл тэдэнд өгөөгүй аж. Дугаарлаж буй иргэдийн дийлэнх нь түрээсийн орон сууцанд ороход шаардлагатай бүх бичиг баримтаа бүрдүүлсэн байв. Харин үлдсэн нь ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг бие биеэсээ лавлаж байгаа харагдлаа. Тэд “Эхнэр нөхөр хоёулаа ажилтай, нийгмийн даатгал төлдөг байх уу. Өрхийн орлого нь хэд байх, яг хэзээнээс бүртгэж эхлэх бол” гэсэн асуултад тодорхой хариулт авахыг хүсч байв. Гэвч тэднийг дотогш оруулахгүй байлаа. Учир нь, ТОСК хаалган дээрээ “...тоот тушаалаар “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” баталсан. Журмыг хэрэгжүүлэх зорилгоор ТОСК ТӨҮГ-ын мөрдөх нарийвчилсан журмыг боловсруулж байгаа бөгөөд энэ журмыг батлагдмагц нийтэд зарлан мэдээлэх болно” гэсэн анхааруулах хуудас наасан байв. Нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг дэмжих зорилгоор баталсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлэх гэж иргэдийн дунд нэлээд хүлээлт үүсгэж байна. Жишээлбэл, өчигдөр ТОСК-ийн гаднах нөхцөл байдал, урт дараалалд зогсох дүр зураг иргэдэд түрээсийн орон сууц ямар их хэрэгтэйг илтгэж байна. Энэ үеэр зарим иргэний сэтгэгдлийг сонслоо.
ӨРХИЙН ОРЛОГО БАГАДАА 850 МЯНГА БАЙНА ГЭСЭН ШАЛГУУРЫГ ДАВАХАД ХЭЦҮҮ
Эрдэнэтуяа: -Шалгуур өн дөр байна. Жишээл бэл, өрхийн орлого нь 850 мянгаас нэг сая 100 мянган төгрөг байх ёстой гэсэн. Энэ шаардлагыг хангахад үнэхээр хэцүү. Арай уян хатан байдлаар шийдэх хэрэгтэй л дээ. Цалингийн доод хэмжээ хэд билээ. Ард иргэдийн амьдрал ямар байгааг харгалзаж үзээд амьдралд арай ойрхон журам баталсан бол энэ ажил нүдээ олох байсан. Дөнгөж 350 айлыг түрээсийн орон сууцанд оруулна гэхээр түүнд нь багтах магадлал маш бага.
Чингэлтэй дүүргийн иргэн С.Оюунбилэг: Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв. Энэ иргэдийн амьдралд их нэмэртэй. Хамгийн гол нь ТОСК журмаа хурдан боловсруулж, иргэдийн дунд хүлээлт үүсгэхгүйгээр зохицуулах хэрэгтэй. Би барилгын салбарт 50 жил ажиллаад өнөөдөр өөрийн гэсэн орон сууцгүй л явна. Ямар нэгэн шалтгаантай, орон сууцанд орж чадахгүй иргэн олон байгаа. Сураг сонсоход нэлээд хүндрэлтэй зүйл их дуулдаж байна. Тухайлбал, өрхийн орлого өндөр байх ёстой гэнэ. Би 350 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Миний хань бурхан болсон. Гэхдээ яах вэ ямар ч байсан хөөцөлдөөд үзье гэж бодлоо.
Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Цэрэнпил: Цагаан сарын дараа гаас бүртгүүлэхээр бичиг баримтаа цуглуулж, хөөцөлдөж явна. Өдөр бүр энд ирж байна. Энэ хөтөлбөр нүдээ олж чадвал дунд зэргийн амьжиргаатай иргэдийн хувьд боломж нээгдэж байна. Нийт 350 байрны 10 хувь нь өндөр настанд ногдох юм гэсэн. Гэтэл хэчнээн мянган хүн түрээсийн орон сууцанд хамрагдахаар хөөцөлдөж байгаа билээ. Өнөөдөр л энд цугласан хүмүүсийг хар. Ингээд бодохоор орон сууцны тоо маш бага, хамрагдах боломж муухан санагдаж байна. Үнэхээр орон сууцанд орох зайлшгүй шаардлагатай 350 айл нь ороосой л гэж бодож байна.
ТОСК-ийн гадаа цугласан хүмүүс бүгд л өрхийн орлого гэж хэцүү даваа байна хэмээн уулга алдаж байв. Ингээд бид иргэдийн мэдэхийг хүссэн асуултад хариулт авахаар ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа.
Д.Алтангэрэл: ЭНЭ САРЫН 15-НААС ЭХЭЛЖ ТАВ ХОНОГТ БАГТААН БҮРТГЭНЭ
-Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг өнөөдөр /өчигдөр/ бүртгэнэ гэсэн мэдээллийн дагуу гадаа урт дараалал үүсгэжээ. Яг хэзээнээс бүртгэж эхлэх вэ?
-Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн бичиг баримтыг энэ сарын 15-наас хүлээн авна. Үүнээс өмнө ажиллах боловсон хүчнээ бэлтгэнэ. Гэхдээ манайд ажиллах боловсон хүчин бэлэн. Харин таван аймгаас 10 хүнийг сонгон сургалтад хамруулах шаардлага гарсан.
-Энэ сарын 15-наас хэднийг хүртэл бүртгэх вэ?
-Нийслэл болон орон нутагт түрээсийн орон сууцанд орох иргэдийн бичиг баримтыг боломжтой хугацаанд бүртгэж авна. Тийм болохоор үүнийг зөв талаас нь ойлгох хэрэгтэй. Ганцхан өдөр бүртгээд дуусна гэж айж сандрах шаардлагагүй. Бид хангалттай хугацаанд бүртгэлийг явуулна. Энэ бүртгэл цаашид түрээсийн орон сууцанд орох иргэдийн үндсэн бааз нь болж өгөх учиртай.
-Хангалттай хугацаа гэдэг нь яг хэдэн өдөр юм бэ. Бүртгүүлсэн иргэдээс 350 айлыг хэрхэн сонгох вэ?
-Ажлын таван өдөр иргэдийн хүсэлтийг бүртгэхээр төлөвлөж байна. Нийлүүлж буй орон сууц эрэлтийг гүйцэхгүй учир долоон ангилал тус бүрт нь нээлттэй сугалаа явуулна. Ирсэн дарааллаар нь оруулна гэвэл гажуудал үүснэ. Түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхахгүйгээр бүрт гэж авна.
-Танайх дотоод журмаа боловсруулж дууссан уу. Түрээсийн орон сууцанд орох иргэдэд танай зүгээс ямар шаардлага тавьж байна вэ?
-Дотоод журмаа боловсруулаад дуусч байна. Долоо хоног бүрийн тав дахь өдөр удирдлагын зөвлөлийн хурал болдог. Энэ үеэр журмаа хэлэлцэж, эцэслэн батална. Бид Барилга, хот байгуулалтын яамнаас тавьсан шаардлагаас давсан журам гаргахгүй. Харин түүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт нарийвчилсан журам боловсруулж байна. Иргэдийг нэмэлт бичиг баримт бүрдүүлэхийг шаардахгүй. Гэхдээ орон нутгийнхны хувьд нэлээд хүндрэлтэй зүйл байна. Жишээлбэл, тухайн орон сууцны ашиглалтыг хэн хариуцах, засвар үйлчилгээг нь яаж хийх, түүнтэй холбоотой гарах зардлыг яаж шийдэх зэрэг асуудалд нарийвчилсан журам боловсруулж оруулахгүй бол төрийн мэдлийн эд зүйл ямар нэгэн байдлаар эзэнгүйддэг тал бий.
-Тухайн иргэн түрээсэлж буй орон сууцаа цаашид өмчлөх боломж бий юу?
-Эхний ээлжид хамруулах 350 айл түрээсэлж буй орон сууцаа хувьчлах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл тухайн иргэний сар бүр төлөх төлбөр “Орон сууцны ирээдүйн сан”-д төвлөрөх юм. Энэ мөнгийг тодорхой хэмжээнд хуримтлуулаад түрээсийн орон сууц дахин барих ч юм уу дараа дараагийн үйл ажиллагаанд зарцуулах учиртай. Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн үндсэн зорилго нь орон сууцанд зайлшгүй орох шаардлагатай, урьдчилгаа төлбөрөө хараахан бүрдүүлж амжаагүй, банкны шалгуурыг хангаж чадахгүй байгаа иргэдийг хамруулах юм. Ингэхдээ тухайн иргэн тус орон сууцанд тодорхой хугацаанд амьдрахдаа өөрийн гэсэн байртай болох дараагийн боломжийг бүрдүүлэх юм.
-Танай байгууллагын зүгээс түрээсийн орон сууцны тоог нэмэх боломж байгаа юу?
-Засгийн газраас гаргасан тогтоолын хүрээнд 2016 онд нийтдээ 1300 айлыг түрээсийн орон сууцанд оруулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнээс 929 айлын орон сууцыг манайхаар дамжуулж байгаагаас нийслэлд Буянт-Ухаа II хорооллоос 350, орон нутагт 579 айлыг хамруулна. Үлдсэнийг нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн орон сууцаар дамжуулан хэрэгжүүлэх юм. Манай байгууллагаас саяхан 1620 айлын байрыг ашиглалтад оруулсан. Үүний хажууд 1000 айлын орон сууцны угсралтын ажлыг хийгээд дууссан. Дулааны улирал эхлэхээр гадна болон дотор засал чимэглэлийг хийн ирэх наймдугаар сард Улсын комисст хүлээлгэн өгнө. Энэ байрнаас тодорхой хэмжээгээр түрээсийн орон сууцад шилжүүлэх боломжтой. Гэхдээ аливаа зүйлийг хийхэд эрх зүйн акт гаргах ёстой гэв.
Үндэсний статистикийн газраас өрхийн орлого 820 мянган төгрөгөөс сая 100 мянган төгрөг байна гэсэн судалгаа гаргажээ. Үүнд үндэслэн түрээсийн орон сууцны сарын төлбөр тухайн өрхийн орлогын 25 хувиас илүүгүй байхаар тооцож, өрөөний тооноос хамааран нийслэлд 200-280 мянга, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон. Хэрэв сарын төлбөр нь өрхийн орлогын 25 хувиас илүү гарвал тухайн айлд санхүүгийн хүндрэл учруулдаг гэсэн олон улсын судалгаа байдаг аж. БХБЯ-ны зүгээс гаргасан журмаар эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн, тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг, тогтмол орлоготой, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой. Мөн гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй иргэд түрээсийн орон сууцанд орох бүрэн боломжтой юм байна. Түүнчлэн түрээсийн төлбөрийг сар сард нь төлөх ёстой бөгөөд гарч болзошгүй эрсдэлээс сэргийлж гурван сарын түрээсийн мөнгөтэй тэнцэх хэмжээний барьцааг иргэдээс авахаар журамд тусгасан байна.
С.Юмсүрэн

Сэтгэгдэл (1)
000 (202.179.24.255)
dood tubshniihen bair ch tureeslej syyh bolomj alga daa 1 say tugrugiin orlogotoi yaduu urh haana bnaa