Улаанбурхан өвчний 13007 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

 

        2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 13007  улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 2801 буюу 21.5 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

 

Одоогоор тус төвд 400 өвчтөн хандсаны 337 буюу 84.2 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 73 буюу 21.6 хувь нь хэвтэж, 180 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.

 

Улаанбурхан өвчний улмаас 457 өвчтөн эмчлүүлж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.  

 

Тэгвэл төрөөс энэ асуудлыг хэрхэн авч хэлэлцэж байна вэ? Засгийн газрын гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах талаар хэлэлцэн, 159 дүгээр тогтоол гарган, өвчлөл өндөр бүртгэгдэж байгаа 18-30 насныхны нэмэлт дархлаажуулалтад шаардагдах зардал болох 948 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гарган дархлаажуулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ зардлаар 627500 хүн/тун вакцин, дагалдах хэрэгслийн хамт авах бөгөөд энэ сарын 17-нд НҮБ-ын Хүүхдийн санд вакциныг захиалсан аж. Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар тархвар зүй, эмнэлзүй, санхүүгийн зөвлөх багийг тус тус томилон ажиллуулж эхэлжээ. Эмнэлзүйн баг ХӨСҮТ-д долоо хоногт 2-3 удаа ажиллаж, зөвлөгөө өгч байгаа нь байна.

 

Түүнчлэн, Улаанбурхан өвчний талаар 21 аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүдэд цахим хурлыг тогтмол хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгчээ. Нийслэлийн эмнэлгүүдэд дэмжлэгт хяналт хийж, 500 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулсан байна.

 

Энэ эрчээрээ ажиллавал тархалтыг хурдан зогсоох боломж байгаа. Энэ талаар, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү өвчлөл буурах боломж бийг хэлээд, ард иргэд товлолт вакциндаа хүүхдүүдээ бүрэн хамруулахаас гадна 18-30 насныхныг вакцинд бүрэн хамрагдахыг уриалав. Өнгөрсөн жил товлолт вакцинжуулалт явагдахад ард иргэд дархлаажуулалтдаа хойрго хандсанаас өнөөдөр халдвар авах, тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг ч санууллаа.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (150.129.142.158)

    2016-04-01

    манай улс бүр ядуураад нэг хүнд хийх вакцины тунг гурван сурагчид нийслэлийн сургуулиар хийсэн байна.