Улаанбурханы эсрэг вакциныг маргаашнаас үнэ төлбөргүй хийнэ
- 2016-05-11
- Эрүүл мэнд
- 0

Улаанбурхан өвчний эсрэг вакцин иржээ. Энэ талаар өнөөдөр холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Улсын төсвөөс 943 сая 500 мянган төгрөг гарган 1986-1998 онуудад төрсөн 18-30 насны 600 мянга гаруй залууст дархлаа сайжруулах вакцин үнэ төлбөргүй хийхээр болсон.
Тэгвэл маргааш орон даяар улаанбурхны халдварыг намжаах, дарах зорилготой вакцинжуулалт нэгэн зэрэг эхэлж, энэ сарын 25-ны өдөр хүртэл буюу 14 хоног үргэлжилэх юм байна. Харин вакцин заавал хийлгэх шаардлагатай 18-30 насныхан харьяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, албан байгууллагууд эсвэл их, дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж вакцинаа хийлгэх ёстой гэдгийг албаны хүмүүс онцоллоо.
Түүнчлэн улаанбурханы өвчлөл их байгаа энэ үед 18-30 насны залуусыг вакцинд заавал хамруулах шаардлагатай гэдгийг ХӨСҮТ болон мэргэжлийн эмч нар зөвлөж анхааруулж байгаа юм.
Б.Цэцэг

Сэтгэгдэл (0)