Транс тосыг хүнсний хэрэглээнээс хасахыг зөвлөв

 

        Транс тосны хэрэглээг үе шаттай бууруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд хоолны цэснээс хасахыг зөвлөлөө. Энэ талаар өчигдөр болсон “Транс тосны хэрэглээ, нийгмийн эрүүл мэндийн ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцлов. Транс тосыг хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болох талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр багагүй ярьж, бичиж байгаа ч энэ талаар нэгдсэн ойлголт бий болгох, өнөөгийн байдлыг тодорхойлох шаардлагатай тул ШУА-ийн Физик, математик, химийн салбарын бага чуулган, Монголын Анагаах ухааны академиас санаачлан тус хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр транс тос гэж юу болох, түүний импорт, хэрэглээ, эрүүл мэндийн ач холбогдол, тосны хэрэглээнд тавих хяналтын талаар холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьсан юм. МХЕГ-ын Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа “Транс тосны хэрэглээ, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, “Транс тосны хэрэглээнд хяналт тавих хууль эрх зүйн орчин бүрдээгүй, хүнсний бүтээгдэхүүний техникийн ерөнхий шаардлагын стандартад тухайн бүтээгдэхүүний тослогийн үзүүлэлтийг тодорхой хязгаартай зааж өгсөн ч хүчлийн агууламжийг тусгаагүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд агуулж буй транс тосны хүчлийн хэмжээг тодорхойлох лаборатори байхгүй, үйлдвэрлэгч хэрэглэгчийн мэдлэг сул, дутмаг зэрэг асуудал тулгарч байна. Цаашид транс тосны хэрэглээг үе шаттай бууруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, хүчлийн агууламжийг тодорхойлох шинжилгээний аргачлал боловсруулж, импорт, хэрэглээ, хор нөлөөний талаар эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг сургах, хэрэглээ, хор уршиг, орлуулж хэрэглэж болох бүтээгдэхүүний талаар үйлдвэрлэгчдэд сургалт сурталчилгаа зохион байгуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай” хэмээн дурдав. Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэн “Монголын бэлчээрийн малын тос хүний биед ямар нөлөөтэй талаар гаднын эрдэмтэд японы судлаачидтай хамтран судалгаа шинжилгээ хийж байна. Гэхдээ тосны чанар, түүнийг хүний бие боловсруулах чадвар болон хөдөлгөөн, биеийн хүчний ажилд хэрхэн нөлөөлж байгааг иж бүрнээр судлах нь онцгой ач холбогдолтой. Тос өөх химийн элементүүдтэй нэгдэн судасны хананд наалдан шохойжилт, хатуурал үүсгэхэд нөлөөлдөг. Судасны хатуурал өвчнөөс сэргийлэхийн тулд хүнсний хэрэглээнд зөв зохистой бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь чухал. Ард иргэд автомашиныхаа моторыг цохиулахгүйн тулд сайн тос хийж сольдог шигээ өөрийн эрүүл мэнддээ анхаарч судасны хананд тунадас үүсгэдэггүй, царцдаггүй, шохойжилт бага үүсгэдэг чанартай тосыг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй” гэсэн юм.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.40.79)

    2016-05-14

    хилээр оруулж ирхээ больчих тэгээд л болоо оруулж ирсэн хүнийг өндөр торго тэрбум төгрөгөөр