Улаанбурханы эсрэг вакцин хийх хугацааг сунгалаа
- 2016-05-25
- Эрүүл мэнд
- 0

Нийслэлд хийж буй улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтын хугацааг ирэх зургадугаар сарын 1 хүртэл сунгажээ. Улаан бурханы өвчлөл залуусын дунд нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас хөрөнгө гаргаж 18-30 насны залууст нэмэлт вакцин хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-ноос эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах ёстой залуусын 74 хувь нь буюу 466 мянган иргэн хамрагджээ. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж буй залуусын оролцоог харвал Өмнөговь аймгийн залуусын 96 хувь нь вакцинаа хийл гэжээ. Харин Завхан, Сүхбаатар аймгийн иргэдийн идэвх муу байгаа аж. Нийслэлд вакцинд хамрагдах насны нийт залуусын 50 хувь нь амьдардаг байна.Тодруулбал, албан ёсоор оршин сууж буй 306 мянга, хөдөө орон нутгаас ирж суралцаж буй харьяаллын бус 70 мянган иргэн вакцинд хамрагдах ёстой аж. Нэмж мэдээлэхэд, улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 640 түр, 130 байнгын, 100 гаруй явуулын цэгээр дамжуулан хийж байна. Дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд байнгын цэг ажиллаж байгаа бол их, дээд сургууль, албан байгууллага, худалдааны төв гэх мэт газруудад түр цэг ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн алслагдсан хороод болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч вакцин хийхээр явуулын баг ажиллаж буй юм.
М.Энх

Сэтгэгдэл (0)