Цус сэлбэлтийн үндэсний төв шинэ байрандаа оржээ
- 2016-06-24
- Эрүүл мэнд
- 0

Өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн зориулалтын шинэ барилгыг ашиглалтанд оруулан хүлээн авах ёслол болж Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа ,АХБ-ны Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмэн болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уг ажлыг төрөөс донорын цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгийн үед шаардагдах цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангахад зориулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн зориулалтын шинэ барилгыг ашиглалтанд оруулах, цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах орчин үеийн технологи бүхий цусны албаны техник, технологийн иж бүрэн шинэчлэл хийхээр шийдвэрлэсэн билээ.
Тус төвийн шинэ барилгыг Монгол Улсын Засгийн газрын 2.94 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болон АХБ-ны 419 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтээр баригдаж улсын комисс хүлээн авсан. Барилгын зураг төслийг NAP ХХК хийж, Грийн ресурс констракшн ХХК барилгыг ажлыг гүйцэтгэн ашиглагч байгуулагад хүлээлгэн өгч байна.

Мөн АХБ-ны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 8.2 сая ам доллар,аймгуудын цусны салбар төвүүдэд 5.4 сая ам доллар буюу нийт Цусны албаны хэмжээнд 13.6 сая ам долларын өртөг бүхний эмнэлгийн болон эмнэлгийн бус төнөг төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэхээс эхний тоног төхөөрөмж нийлүүлэгдэж ашиглагдаж эхлээд байна.
Дээрх иж бүрэн шинэчлэлийн хүрээнд цус, цусан бүтээгдэхүүнийг туяагаар шарах, улаан эсийн глицеринжүүлэн хөлдөөж хадгалах, ЦЦБ-ний вирус идэвхгүйжүүлэх, ЦЦБ-ийг хүйтэнд өрөөнд нөөцлөн хадгалах, донороос улаан эс, ялтаст эс, цагаан эсгүйжүүлсэн ялтаст эс дангаар нь ялгах технологиуд, Хемолюминесценц, PCR зэрэг найман шинэ технологийг нутагшуулна.
О.Заяа

Сэтгэгдэл (0)