Орон сууцны зээлийг үнэт цаас болгон арилжиж эхэлжээ
- 2016-09-03
- Эдийн засаг
- 0

УИХ-аас 2010 онд батлан гаргасан Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулиар зохицуулж буй орон сууцны найман хувийн зээлийн хөрөнгөөр баталгаажуулсан үнэт цаасыг бүртгэх ажлыг Санхүүгийн зохицуулах хорооноос явуулж байна. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 52 мянга гаруй зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн үнэ бүхий үнэт цаасыг бүртгэжээ. “Монголын ипотекийн корпорац” орон сууц санхүүжилтийн компаниас гаргасан дээрх баталгаат үнэт цаасыг хаалттай хүрээнд шууд арилжаалж эхэлсэн байна. Түүний давуу эрхийн буюу 90 хувийг Монголбанк, энгийн буюу 10 хувийг орон сууцны зээлийн багцыг худалдсан арилжааны банкууд худалдан авчээ. СЗХ нь үнэт цаас гаргах, бүртгэх, оролцогчдод тусгай зөвшөөрөл олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих үүргийг хуулийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. Хуульд зааснаар баталгаат үнэт цаасыг тусгай зориулалтын компани (ТЗК) гаргаж арилжааг эрхлэх учиртай бөгөөд одоогоор есөн компанид зөвшөөрөл олгосон байна. Тэд өнөөдрийн байдлаар “МИК” орон сууцны санхүүжилтийн компанийн зээлийг есөн удаагийн гаргалтаар үнэт цаасжуулсан бөгөөд ипотекийн зээлийн 217.2 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийг төлөөд байгаа юм. Энэ талаар СЗХны ажлын албаны дарга Т.ЖАМБААЖАМЦААС тодрууллаа.
-Одоогоор үнэт цаасжуулсан 2.5 их наяд төгрөгийн зээлийг бүртгээд байгаа гэсэн. Ер нь хэчнээн төгрөгийн моргейжийн зээл байна вэ?
-Нийтдээ 3.7 их наяд төгрөгийг орон сууцны зээлийн санхүүжилтэд олгосон. Үлдсэнийг нь үнэт цаасжуулах ажлыг тусгай зориулалтын компаниуд хийж дуусгана. Бид тусгай зөвшөөрлийг шалгалт хийсний эцэст хуулийн дагуу олгоод явна. Үндсэндээ бүртгэлийн ажиллагааг санхүүгийн процесс болгох ажил амжилттай явж байна гэж хэлж болно.
-Орон сууцны зээлийн эргэн төлөлт ямар байгаа вэ?
-Найман хувийн хүүтэй моргейжийн зээлийн эргэн төлөлт арилжааны бусад төрлийн зээлтэй харьцуулахад сайн байгаа дүн харагддаг. Тийм ч учраас зээлийн эргэн төлөлт, найдвартай байдал болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханшийн нөлөө зэрэг нь эерэг байгаа учраас дээрх ажил сүүлийн хоёр жилд эрчимтэй байна.
-Ипотекийн зээл цаашид үргэлжлэх болов уу. Эсвэл эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай уялдаад зогсох уу гэх хүлээлт олон нийтийн дунд байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ипотекийн зээлийн асуудал нь Монголбанк, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажил учраас би үүнд хариулах боломжгүй. Тийм эрх мэдэл бүхий хүн ч биш. Манай СЗХ нь олгосон зээлийг санхүүгийн бүтээгдэхүүн болгох ажлыг л зохион байгуулдаг газар юм.
Д.Мөнхжаргал

Сэтгэгдэл (0)