Ипотекийн зээл хүлээлт үүсгэсэн хэвээр байна

        Энэ оны долоодугаар сард арилжааны банкуудын нийт зээлийн өрийн үлдэгдэл өссөн бөгөөд ипотекийн зээл олголт өмнөх сарынхаас 32 хувиар огцом буурсан тухай Монголбанкнаас мэдээлжээ. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хүрээнд ипотекийн зээлийг санхүүжүүлэх үүргийг Төв банк хүлээж байгаа юм. Одоогийн байдлаар арилжааны банкуудаар дамжуулан 1592 зээлдэгчид 92.5 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгосноор зээлийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөгт хүрч, зээлдэгчийн тоо 85620 болоод байна. Тайлангийн хугацаанд 26.4 тэрбум төгрөгийн зээлийг 570 орчим хүнд таван хувийн хүүтэй олгож, 117 зээлдэгчийн 5.2 тэрбум төгрөгийн зээлийг 8.0­аас таван хувийнх руу шилжүүлсэн дүнтэй байна. Өнөөгийн Засгийн газар ипотекийн зээлийг цааш үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа ч өмнөх зээлийг таван хувь руу оруулах эсэх нь тодорхой бус байна. Ямартай ч ипотекийн зээлийн эргэн төлөлт сайн байгаа нь ийм эргэлзээнд хүргэж буй талаар УИХ­ын зарим гишүүн хэлсэн байсан. Тодруулбал, долоодугаар сард 37.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 55 хувиар өссөн эерэг үзүүлэлт болжээ. Харин өмнөх сарынхаас 10.6 хувиар буурсан дүн юм. Үүнээс харвал ипотекийн зээлтэй иргэд маань “сульдаж” эхэлж байгаа бололтой. Ипотекийн зээлийн хугацаа хэтэрсэн хэсэг нь 3.4, чанаргүй зээл 1.2 хувьтай болоод байна. Харин иргэний зориулалттай орон сууцны нийлүүлэлт хангалттай байгаагийн дээр иргэдийн худалдан авах чадамж муу байгаатай холбогдуулан үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн барилга байгууламжид анхаарах нь чухэал гэж үзэх хэсэг ч байгаа юм. “Ипотекийн зээл нь л мөнгөний бодлогын хүүгийн нөлөөг сулруулах ач холбогдолтой учраас үргэлжлүүлж байна. Гэхдээ орон сууцны барилгыг барьж байх явцад ажил эрхлэлтийг дэмжиж байдаг ч ашиглалтад орсны дараа дулаан, цахилгааны төлбөр, СӨХ­ны зардлаас бусад ашиг, орлогын нөлөөлөл байдаггүй. Харин үйлдвэрлэл, үйлчилгээний барилга нь ашиглалтад орсны дараа ч үйлдвэрлэлийн зардал, ажлын байрыг бий болгож байдаг давуу талтай” гэж Санхүүгийн зах зээлийн төвийн захирал, эдийн засагч Г.Бумчимэг хэлж байна. Түүнтэй олон хүн санал нийлж байгаагаас гадна зах зээлд орон сууцны нийлүүлэлт хангалттай байгаа өнөөгийн нөхцөлд хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэлийн барилгын зээлд зарцуулах нь үр өгөөжтэй гэж үзэж байгаа юм. Энэ талаар өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд болсон “Их барилга” чуулга уулзалт дээр нэлээд эрчтэй яригдаж байлаа.

 

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)