Улсын нэгдсэн төсвийн тэнцэл 1,8 их наядын алдагдалтай гарлаа
- 2016-09-20
- Эдийн засаг
- 0

Өнгөрсөн наймдугаар сард хэрэглээний үнийн улсын индекс өмнөх оны эцсийнхээс 1.2 хувиар өсч, түрүү оны наймдугаар сарынхаас 0.2 хувиар буурсан байна. Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ийнхүү буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 3.5 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
* * *
Монголбанкнаас мэдээлснээр мөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын эцэст 11.3 их наяд төгрөг болсон нь өмнөх сартай харьцуулахад 0.5 хувиар буурсан үзүүлэлт боловч өмнөх оныхоо мөн үеэс 12.9 хувь /1.2 их наяд/- аар өссөн дүн болж байна. Тайлант хугацаанд гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 817.2 тэрбум төгрөгт хүрсэн нь урьд оны тухайн үеийнхээс 5.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
* * *
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.4 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөний дотор ипотекийн 3.8 их наяд төгрөгийн зээл ч багтаж байгаа юм. Харин хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэл ямагт өссөөр байгаа нь банк, санхүүгийн салбарынхны санааг зовоож эхэлжээ. Тодруулбал, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл урьд сарынхаас 2.8 хувиар өссөн бол өмнөх оны наймдугаар сарынхаас 192.8 тэрбум төгрөг /22.3 хувь/-өөр нэмэгдсэн байна.
* * *
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 3.5 их наяд, зарлага болон эргэж төлөх зээлийн хэмжээ 5.3 их наяд төгрөгт хүрснээр улсын төсвийн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Одоогийн байдлаар төсвийн зарлага өмнөх оныхоос нэг их наяд гаруй төгрөгөөр өссөн гэж мэдээлэв.
* * *
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.1 тэрбум ам.долларт хүрсний 2.9 тэрбумыг экспорт эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнд уул уурхай болон худалдааны бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт буурсан нь нөлөөлжээ. Гэхдээ л 2015 оны эхний найман сартай харьцуулахад гадаад худалдааны тэнцэл 115.1 сая ам.доллараар нэмэгдсэн эерэг дүн гарсан байна.

Сэтгэгдэл (0)