Ж.Анхбаяр: Миссийн тэмцээнээр дамжуулан эх орноо сурталчлах зорилготой
- 2016-09-28
- Энтертайнмент
- 0

Дэлхийн сайхан бүсгүйчүүд “Face of beauty international” тэмцээний титмийн эзэн болохын төлөө Монголд чуулж байгаа билээ. Олон орны миссүүдийг нэгэн дээвэр дор нэгтгэж буй энэхүү төслийг санаачлагч Ж.Анхбаяртай ярилцлаа.
-Тэмцээнд оролцох бүсгүйчүүдээс хэд нь ирээд байна вэ?
-“Face of beauty international” тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг одоогоос нэг жилийн өмнө хүлээн авч байлаа. Түүнээс хойш бид олон улсын стандартад нийцсэн тэмцээн зохион байгуулахын тулд баг бүрдүүлснээр одоо тэмцээнээ албан ёсоор эхлүүлж байна. Тэмцээнд оролцох миссүүд өчигдрөөс эхэлж ирсэн. Эхний өдөр л гэхэд дэлхийн 20 гаруй мисс Монголд ирлээ. Олон улсын нислэгийн тооноос хамаарч тэмцээнд оролцох миссүүдээ дөрвөн өдөр угтаж авах юм шиг байна. Монгол Улсад өмнө нь олон улсын миссийн тэмцээн зохион байгуулж байгаагүй. Бид энэ тэмцээнээр дамжуулан Монгол Улсын аялал жуулчлал, эдийн засаг, соёлын салбарыг дэлхийд таниулах ач холбогдолтойгоос гадна “Мазаалайгаа хамгаалъя” гэсэн уриалгыг дэвшүүлж байгаа. Сүүлийн үед “Мазаалайгаа хамгаалъя” гэсэн уриаг хүн болгон хэлдэг болсон байна. Гэхдээ бид хөрөнгө мөнгө, хандив тусламж хүсэхээсээ илүү мазаалайг дэлхий нийтийн анхаарлын төвд гаргахын тулд юу хийж болохыг бодсоны эцэст тэмцээнийхээ уриалга болгон зохион байгуулж байгаа юм. Удахгүй бид холбогдох яам, тамгын газартай нь хамтран мазаалайг хамгаалах сэдэвт чуулган зохион байгуулах гэж байна. Чуулганаас бид дорвитой ажил хийх эхлэлийг тавина гэдэгт итгэж байгаа юм. Үүнээс гадна 60 орны миссийг нэг сарын хугацаанд мазаалайн талаар судлуулсан. “Face of beauty international” тэмцээний эцсийн шалгаруулалтын үеэр миссүүдээс мазаалайтай холбогдолтой асуулт асууна. Асуултад хамгийн оновчтой хариулсан мисс титмийн эзэн болно.
-Шүүгчдийн бүрэлдэхүүнд Украины “амьд барби” Валериа Лукянова багтаж байгаа гэсэн. Түүнээс өөр олны танил хүн ирэх үү?
-Тэмцээнийг найман хүн шүүн явуулна. Эдгээрийн тав нь гадаадын зочин байх юм. Тухайлбал, “Face of beauty international” тэмцээний ерөнхийлөгч, өмнөх жилийн титмийн эзэд болон Украины “амьд барби” Валериа Лукянова нар шүүгчээр ажиллана. Харин Монголоос шүүгчээр хэн оролцохыг есдүгээр сарын 29-нд болох хэвлэлийн бага хурлын үеэр зарлана.
-Тэмцээн үргэлжлэх хугацаанд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?
-Энэ тэмцээн бол төслийг зохион байгуулж байгаа хэдэн залуусын ашиг хонжоо харсан ажил биш. Монгол Улсыг сурталчилж байгаа том ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. 60 орны миссийг дагалдаад албан ёсоор 100 гаруй жуулчин ирнэ. Тэмцээн үргэлжлэх 14 хоногийн хугацаанд Монголыг аль өнцгөөс харуулж болох вэ гэдгийг бид холбогдох яам, тамгын газрын бодлогын дэмжлэгтэйгээр гаргасан. Музей, ардын урлагийн тоглолт, Монголын түүхийг харуулсан газраар аялуулах зэргийг бид хөтөлбөртөө багтаасан. Цаг агаар хүйтэрч байгаа нь хүндрэлтэй байгаа хэдий ч боломжоороо тэмцээнээ зохион байгуулахаар ажиллаж байна.
-Хөрөнгө мөнгө зарсан энэ том төслийг та яагаад санаачлан хэрэгжүүлэхээр болсон бэ?
-Тэмцээний талаарх ерөнхий мэдээллийг хүмүүс хүлээн авсан гэж бодож байна. Үүнээс харахад хүмүүс янз янзаар л хүлээн авч байгаа харагдлаа. Ихэнхдээ “Эдийн засаг хүнд байхад миссийн тэмцээн зохион байгуулж шоудах шаардлага байдаг юм уу” гэсэн шүүмжлэл, сөрөг хандлагууд бидэнд маш олон ирж байна. Би үүнд албан ёсоор тайлбар хийе. Миссийн тэмцээн нь аялал жуулчлалын нэг том салбар байдаг. Дэлхийн томоохон улс орнууд гоо бүсгүйн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж өрсөлддөг. Бид дөрвөн жил өрсөлдсөний эцэст энэ тэмцээнийг зохион байгуулах эрх авсан. Үүнийг дагаад жуулчид ирдэг. Бид тэмцээний төгсгөлөө дэлхийн 30 гаруй орны телевизээр шууд дамжуулахаар бэлтгэж байна. Энэ ажлыг бид сайн хийвэл дэлхийн 30 оронд Монголын талаар эерэг мэдээлэл цацагдах болно. Тэмцээнийг зохион байгуулахад улсын төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй. Тэмцээнд оролцох миссүүд өөрсдөө зардлаа даагаад ирж байгаа.
-Миссийн тэмцээнүүд зэрэглэлтэй байдаг. “Face of beauty international” ямар зэрэглэлд багтах вэ?
-Он цагийн дарааллаар буюу хамгийн эхэнд, удаан хугацаанд зохион байгуулснаараа их дөрвөн тэмцээнийг нэрлэдэг. “Face of beauty international” нь дэлхийд зэрэглэлээрээ 5-7 дугаар байрт ордог тэмцээн юм. Харьцангуй сүүлд зохион байгуулсан тэмцээн ч дэлхий дахиныг хамруулж чадсан төсөл. Энэ удаагийн тэмцээний шагналын сан 40 мянган ам.доллар болсон байгаа.
-Тэмцээнд оролцох үндэсний ялагчаар Э.Урангоог тодруулсан. Төсөл санаачлагчийн хувьд түүнд хэр найдвар тавьж байна вэ?
-Э.Урангоог 2000 оны дэлхийн мисс болсон Болливудын алдарт жүжигчин Прияанка Чопратай адилхан гэсэн мэдээллийг олон улсын хэвлэл мэдээллийнхэн онцолж байна. Дуулж, бүжиглэж, жүжиглэх авьяастайгаас гадна хамгийн гол нь оролцогч маань ногоон хоолтон. “Мазаалайгаа хамгаалъя” гэсэн санааг өргөн хүрээнд авч үзэх юм бол түүнд тохирсон амьдралын хэв маягтай оролцогч Э.Урангоо юм. Тэр сар гаруйн өмнөөс Монголын урдаа барьдаг урлагийн төлөөлөгчдөөр шалгаруулалтдаа бэлтгэж байна. Монголчууд маань сайн дэмжээд өгвөл элэг нэгтнүүдийнхээ уухайн түрлэгээр Э.Урангоо тэмцээнд нэлээд дээгүүр байрт “давхих” боломж байна.
Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл (0)