Михаил Казаков: “Большой театр”-т гоцлол дуучин байх амаргүй ажил
- 2016-10-05
- Энтертайнмент
- 0
ОХУ-ын Гавьяат жүжигчин, “Большой театр”-ын гоцлол дуучин Михаил Казаковтай ярилцлаа. Дуурийн урлаг сонирхогчид түүнийг “XX зууны Шаляпин” хэмээн хүндэтгэдэг билээ. Тэрбээр “Борис Годунов” дуурийн Борис Годунов, “Дайн ба энх” дуурийн Кутузов, “Иоланта” дуурийн Рене хаан зэрэг олон гайхалтай дүрийг амилуулсан уран бүтээлч юм.
-Таныг манай улсад ирсэнд баяртай байна. Монголд ирээд төрсөн анхны бодол болон манай эрдмийн театрын тайзнаа дуулах гэж буй сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Би Монгол Улсад айлчлан тоглолтоор ирсэндээ баяртай байна. “Большой театр”-т тоглосон Монголын дуучдын тоглолт надад үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Танай театрын хамт олон бидэнд айлчлан тоглохыг урьсан юм. Монгол Улс бол сонгодог урлагийн олон жилийн түүхтэй орны нэг. Сонгодог урлагийн тухай мэдлэгтэй, ойлгодог үзэгчийн өмнө дуулна гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ. Тиймээс тоглолтоо тэсэн ядан хүлээж байна. Надад Улаанбаатар орчин үеийн хот шиг санагдлаа. Монголчуудын нөхөрсөг, найрсаг занд баярлалаа.
-Та Казанийн консерваторийг төгссөн. Сургуулиа дөнгөж төгссөн залуу уран бүтээлч “Большой театр”-ын гоцлол дуучнаар шууд ороход амаргүй байв уу?
-”Большой театр”-ын удирдлага намайг дөрөвдүгээр дамжааны оюутан байхад дуучнаар орооч гэсэн санал тавьсан юм. Би гуравдугаар дамжааны оюутан байхдаа буюу 1999 онд Елена Образцовагийн нэрэмжит уралдааны хоёрдугаар байр, М.Глинкийн уралдааны гран-при шагналыг хүртсэн. И.Глинкийн уралдаан миний хувьд маш олон зүйлийн эхлэл болсон. Уралдааныг үзэж суусан “Большой театр”-ын хамт олон надад театртаа дуулах санал тавьсан. Би тэр үед үнэхээр их баярлаж “Би одоо Казанийн консерваторид сурдаг. Төгсч ирээд ажиллаж болох уу” гэсэн юм. Тэд ч “Бид таныг хүлээх болно” гэсэн амлалтдаа хүрч 2001 онд намайг дуучнаар авсан.
-”Большой театр”-ын гоцлол дуучин байна гэдэг нэр төрийн хэрэг. Гэхдээ тэрхүү нэр хүндийг өндөрт өргөж явахад хэцүү л биз дээ?
-Генерал болохыг хүсдэггүй цэрэг байдаггүйтэй адил Орост “Большой театр”-ын гоцлооч болохыг мөрөөддөггүй дуурийн дуучин байхгүй. Москвагийн “Большой театр”-т гоцлооч байна гэдэг хэцүү. Одоо ажлын арга барилаа олсон. Гэхдээ театрт анх ирж байсан үеэ одоогийнхтой харьцуулшгүй. Дуулах арга барил, хоолой, дуучны карьер гээд олон зүйл минь өөрчлөгдсөн. Та шүтэн биширдэг дуучинтайгаа эсвэл өрсөлдөгчтэйгөө нэгэн тайзнаа дуулна гээд төсөөлөөд үз дээ. Тэгэхээр тэднээс их зүйл сурдаг.
-Танд гадаадын нэр хүндтэй театраас ажлын санал их ирдэг байх. “Большой театр”-аа, иргэншлээ өөрчлөх тухай бодож байсан уу?
-Тиймэрхүү санал ирдэг ч би ач холбогдол өгдөггүй юм. Зочин бол зочин шүү дээ. Ямар ч мундаг уран бүтээлч нэр хүндтэй театрт урилгаар очсон ч зочноос хэтрэхгүй. Хэзээ нэгэн өдөр тэд урьсан шигээ “Баяртай” гэж хэлээд үдэж өгөх болно. Харин эх орондоо байна гэдэг гэртээ байхтай адил. Тиймээс би театраа солих тухай боддоггүй юм.
-Таныг дуурийн алдарт дуучин Фёдор Шаляпинтай адилтгадаг. Энэ агуу хүнтэй өөрийг тань жишихэд ямар санагддаг вэ?
-Фёдор Шаляпин бол хоолойны гайхамшгийг дэлхийд тунхагласан хүн. Тиймээс хүмүүс энэ агуу хүнтэй намайг адилтгахад дотроо баяртай байдаг. Энд нэг зүйлийг хэлэхэд Фёдор Шаляпин бид хоёр “Большой театр”-ын тайзнаа харилцан адилгүй цаг үед М.Муссогорскийн “Борис Годунов” дуурийн гол дүрийг амилуулсан. Би энэ дүрд анх 26 настайдаа дуулсан бол Фёдор Иванович 25-тайдаа дуулсан байдаг.
-Пласидо Доминго “Михаил Казаков бол миний хамгийн дуртай басс хоолойтон” гэж хэлсэн байдаг. Та түүний магтаалыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би Венад аялан тоглолтоор явж байхдаа Пласида Доминготой танилцсан. Тэрбээр Вашингтоны Үндэсний театрт “Трубадур” дуурийг тавихдаа намайг Феррандогийн дүрд дуулахыг урьсан юм. Тэрхүү тоглолтын дараа энэ үгээ хэлж билээ. Надад энэ үгийг сонсох сайхан байсан.
-Танд кинонд тоглох урилга ирдэг үү?
-Үгүй ээ. Нэг ч удаа ийм санал ирж байгаагүй.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (1)
WM333 (43.228.130.148)
Ukhaalag l hun baina. amjilt husye!