Алтан “Нобел”-ийг атгагчид тодорлоо

 

        Шинжлэх ухаан, энх тайван, уран зохиолын салбарт хувьсал нээлт хийж, гайхалтай үнэ цэнэтэй сод бүтээл туурвисан эрхмүүдэд олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй Нобелийн шагналтанг тодруулах үйл ажиллагаа энэ сарын 3-14-ны хооронд Шведийн Стокгольм хотод үргэлжилж байна. Нэрт зохион бүтээгч, аж үйлдвэрийн хөрөнгөтөн, ивээн тэтгэгч Альфред Нобель 1895 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Парис хотноо бичсэн гэрээслэлдээ тухайн жилд хүн төрөлхтөнд чухал хувь нэмэр оруулсан хүнд олгох шагналын сан байгуулахыг хүссэн байна. Шагналтнуудыг тодруулах ажлыг Шведийн Хааны Шинжлэх ухааны академи, Каролины институт, Норвегийн парламент, Шведийн академиас тус тус зохион байгуулдаг юм. Энэ жил Альфред Нобелийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаа бөгөөд шагнал гардуулах ёслолын түүхэнд хамгийн олон буюу 376 хүн, 148 байгууллага нэр дэвшиж буйгаараа онцлог аж.

 

ХАМГИЙН ЖИЖИГ МОЛЕКУЛЫН МАШИН ЗОХИОН БҮТЭЭСЭН БАЙНА

 

Дэлхийн хамгийн жижиг молекулын машиныг зохион бүтээсэн Европын гурван эрдэмтэн энэ оны химийн салбарын Нобелийн шагналын эздээр тодорчээ. Молекулын машин зохион бүтээсэн ЖанПьер Соваж /Франц/, Жеймс Фрейзер Стоддарт /Швед/ болон Бернард Феринга / Нидерланд/ нар тодорч найман сая крон буюу 930 мянган ам.долларын мөнгөн шагналыг хувааж авахаар болсон байна. Эрдэмтдийн бүтээсэн молекулын машин нь үсний ширхэгээс мянга дахин нарийхан хэмжээтэй аж. Энэ машиныг хүний биеийн эсүүд рүү эм нэвтрүүлэх, тодруулбал хорт хавдрын эсүүдэд эмийг шууд хүргэхэд ашиглах боломжтой гэнэ. Мөн молекулын машиныг шинэ материал гарган авах, мэдрэгч болон эрчим хүч хадгалах системийг боловсронгуй болгоход ашиглаж болох юм.

 

БОДИСЫН ЭТГЭЭД ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЛААРХ СУДАЛГААНЫ АЖИЛ

 

Энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг Америкийн гурван судлаач бодисын этгээд төлөв байдлын талаарх судалгааны ажлаараа авчээ. Вашингтоны их сургуулийн Дэвид Таулесс, Принстоны их сургуулийн Дункан Холдейн болон Брауны их сургуулийн Майкл Костерлиц нар шагнал хүртсэн юм. Бодисын ерийн бус төлвийг математик топологийн сүүлийн үеийн аргыг ашиглан тайлбарлажээ. Уг судалгаа нь электроник болон хэт дамжуулагчийн шинэ эрин үеийг бий болгох, квант компьютерийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

АУТОФАГИ ҮЗЭГДЛИЙГ ЭСИЙН ТӨВШИНД НЭЭЖЭЭ

 

Японы биологич Ёшинори Осүми аутофаги үзэгдлийг молекулын төвшинд нээснээрээ энэ оны анагаах ухаан-физиологийн салбарын Нобелийн шагналын эзнээр тодорлоо. Аутофаги үзэгдлээр илүүдэл хаягдлыг дахин боловсруулах замаар эс өөрийгөө хэрхэн эрүүл болгодог нууцыг олж тогтоосон байна. Аутофаги гэдэг нь өөрөө өөрийгөө идэх гэсэн утгатай бөгөөд эс нь шим тэжээлийн дутагдалтай байх буюу өлсгөлөн үед ажиглагддаг аж. Паркинсоны өвчин болон бусад төрлийн мэдрэлийн өвчтэй хүмүүст аутофаги зохих ёсны дагуу үйлчилдэггүй болохыг судлаачид олж тогтоожээ. Харин Осүмигийн нээлт нь эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд тус дөхөм болох гэнэ. Ёшинори Осүми бол анагаах ухаан-физиологийн салбарт Нобелийн шагнал хүртсэн дөрөв дэх япон хүн юм. Түүнээс өмнө 2015 онд Сатоши Омүра хүртэж байсан бөгөөд Нобелийн шагнал хүртсэн япончуудын тоо нийтдээ 25 болсон байна. “ГЭРЭЭНИЙ ОНОЛ”-ЫГ БОЛОВСРУУЛАВ Эдийн засгийн шинжлэх ухааны салбарын энэ оны Нобелийн шагналын эзнээр АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, Их Британийн иргэн Оливер Харт, Массачусетсийн Технологийн дээд сургуулийн профессор, Финландын иргэн Бенгт Холмстром нар шалгарчээ. Эрдэмтэд хууль эрх зүй, бизнесийн салбарт ашиглах боломжтой “Гэрээний онол”-ыг боловсруулсан аж. Уг онол нь аж ахуйн нэгж, компанид гэрээний боломжит загварууд, түүнээс үүдэх хүндрэл зэргийг ойлгоход нь туслах чухал ач холбогдолтой аж. Түүнчлэн компани ажилтнууд болон бизнесийн түнш, хувьцаа эзэмшигчидтэй таатай нөхцөлөөр хэрхэн гэрээ байгуулах аргачлалыг танилцуулснаараа онцлог юм.

 

НОБЕЛИЙН ЭНХ ТАЙВАНЫ ШАГНАЛЫН ЭЗНЭЭР ХУАН МАНУЭЛЬ САНТОС ТОДОРЛОО

 

Нобелийн шагналуудаас хамгийн их хүлээлт үүсгэдэг, олны анхаарлыг татдаг төрөл бол Нобелийн энхтайваны шагнал юм. Уг нэр хүндтэй шагналыг энэ жил Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос хүртжээ. Колумб улсад 52 жил үргэлжилсэн иргэний дайныг төгсгөл болгоход түүний гаргасан хүчин чармайлтыг үнэлэн уг шагналын эзнээр тодруулахаар болсон гэж Шведийн эзэн хааны шинжлэх ухааны академиас зарласан байна. Сантос нь өдгөө 65 настай бөгөөд 2010 онд Ерөнхийлөгч болжээ. Колумбын босогчдын хамгийн том бүлэглэл болох “ФАРК”-тай тус улсын Засгийн газар 50 гаруй жил тэмцсэн билээ. Газар өмчлөх эрхтэй холбоотойгоор бослого гарснаар 1960-аад оны үед Колумбын Засгийн газар болон “ФАРК” хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөний үеэр 220 мянга орчим хүний амь үрэгдэж, зургаан сая хүнийг орон гэрээсээ дүрвэхэд хүргэжээ. Сантос ерөнхийлөгч болсноосоо хойш хоёр жилийн дараа босогчидтой хэлэлцээ хийсний дүнд энэ онд энхийн гэрээ байгуулсан юм. Гэсэн хэдий ч босогчидтой энхийн гэрээ байгуулсныг өнгөрсөн сард тус улсад болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын талаас илүү буюу 50.24 хувь нь эсэргүүцсэн аж. Ерөнхийлөгч уг шагналыг дагалдаж ирдэг 925 мянган ам.долларыг иргэний дайны хохирогчдод хандивлахаар болжээ.

 

УТГА ЗОХИОЛЫН САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ ДОН ДЕ ЛИЛЛО АВАХ МАГАДЛАЛТАЙ

 

Энэ жилийн утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзэн болох магадлалтай таван зохиолчийг нэрлэжээ. Кенийн зохиолч Нгуги ван Тхионго, Японы Харуки Мураками, Сирийн Адонис, Америкийн зохиолч Дон Де Лилло, Норвегийн Жон Фоссе нарыг нэрлэсэн байна. Утга зохиолд дурлагчдын дийлэнх нь Америкийн зохиолч Дон де Лиллог уг шагналын эзэн болно гэж таамагласан бол үлдсэн хувь нь Харуки Мураками гэжээ. Мөн Энэтхэг гаралтай Английн зохиолч Салман Рушди, Солонгосын яруу найрагч Ко Юн, Канадын зохиолч Маргарет Этвүүд, зөгнөлт зохиолын загалмайлсан эх гэгдэх Урсула Ле Гуйн зэрэг утга зохиолын шилдгүүд Нобелийн утга зохиолын шагналын төлөө өрсөлдөж байна. Өнгөрсөн жилийн хувьд Беларусийн зохиолч Светлана Алексиевич тус шагналыг хүртсэн юм. Тэрбээр Беларусийн Засгийн газрын бодлогыг хайр найргүй шүүмжилдэг бөгөөд түүний хамгийн алдартай бүтээл нь 1986 оны Чернобылийн цөмийн ослоос сэдэвлэн бичсэн “Чернобылийн наминчлал”, “Цайрын хөвгүүд” зэрэг бүтээл аж.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)