Хилийн боомтоор 15 секундэд нэвтэрдэг боллоо

 

        БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага Монгол Улсад “Э-Иммигрэйшн” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд манай улсын хилийн боомтууд мэдээлэл солилцооны гурван шатлалт технологи, сүлжээний ачааллыг тэнцвэржүүлэх “Т-МАХ” технологи, хилийн шалган нэвтрэлт, гадаад иргэдийн бүртгэлийн нэгдсэн систем болох “ISM” систем, мөн Хилийн шалган нэвтрүүлэхийн автомат хаалга зэрэг өндөр нууцлал бүхий дэвшилтэт технологитой болж байгаа юм. Энэхүү шинэ технологийн нээлт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн баасан гаригт болов. Хоёр жилийн өмнөөс манай улсад хэрэгжүүлж эхэлсэн “Э-Иммигрэйшн” төслийн хүрээнд таван сая ам.долларын санхүүжилтээр хилийн шалган нэвтрүүлэх системийг цогцоор нь шийдэж өгчээ. Ингэснээр Монгол Улсын иргэд 15 секундэд улсынхаа хилийг нэвтрэх боломжтой боллоо. Тодруулбал, энэхүү цахим төхөрөмж нь хилийн байцаагчийн оролцоогүйгээр шалган нэвтрүүлэх систем юм. Шалгах цэгт суурилуулсан цахим төхөөрөмжид иргэд өөрсдөө паспортаа уншуулж, хурууны хээгээ таниулснаар 15 секундэд хил нэвтрэх боломжтой болж байгаа юм. Уг төхөөрөмжийн ажиллах зарчим маш энгийн аж. Тухайлбал, хилээр нэвтрэх иргэнийг гурван шатлалаар шалгана. Гадаад паспортаа уншуулж, хилийн шалганаар нэвтрэх гэж байгаа иргэний зургийг нүүрэн талаас нь шууд авч, паспортын зурагтай харьцуулан шалгасны дараа зөв танивал цахим төхөөрөмжийн нэгдүгээр хаалга нээгдэх юм. Дараа нь тухайн иргэн хурууны хээгээ таниулж, цахим мэдээллийн бааз дахь зорчигчийн мэдээлэлтэй таарвал хоёр дахь хаалга нээгдэнэ гэсэн зарчмаар ажиллах юм. Харин ухаалаг машинаар хуурамч бичиг баримт уншуулж, хил нэвтрэх ямар ч боломжгүй. Энэ төхөөрөмжийг байнгын үйл ажиллагаатай 27 боомтод суурилуулах аж. Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн “Хилээр орж гарч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийн чиглэлээр манайх 2006- 2007 оны үед нэгдсэн системтэй болсон. Одоо хүртэл үргэлжилж байгаа. Гэхдээ таван сая ам.долларын өртөгтэй энэ төслийг хэрэгжүүлснээр мэдээллийн баазыг сайн болгох, нууцлалыг сайжруулах, зорчигч тээврийн хэрэгслийг цаг алдалгүй гаргах зэрэг давуу талтай болох юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй 48 хилийн боомт ажиллаж байгаагаас 27 нь байнгын ажиллагаатай. Тэдгээр боомт буюу ОХУ, БНХАУ-тай хиллэсэн боомтуудад энэ системийг нэвтрүүлнэ. Энэхүү төслийн гүйцэтгэгчээр ажилласан БНСУ-ын “SysOne” компани нь Солонгостоо энэ чиглэлээр тэргүүлэгч компани юм. Тиймээс нууцлалын хувьд найдвартай гэж хэлж болно” гэв. 2016 оны эхний есөн сарын байдлаар Буянт-Ухаа боомтоор нийт 400 мянган иргэн нэвтэрсэн байна. Эдгээр зорчигч дунд 10 хүн бичиг баримтын зөрчилтэй, хуурамч паспорт ашиглан хил нэвтрэхийг оролдож, баригджээ. Зөрчил гаргасан иргэдийн дунд бусдын нэрийг ашиглан өөрийнхөө зурагтай гадаад паспорт гаргуулах тохиолдол нэмэгдсэн аж. Ийнхүү уг системийг ашиглаж эхэлснээр энэ төрлийн зөрчил дахиж гарахааргүй болж байна. Өөрөөр хэлбэл, хуурамчаар үйлдсэн бичиг баримтаар хил нэвтрэх боломжгүй болж байгаа юм байна.

 

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)